Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаж байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёсзүйн асуудал, огцрох эсэх асуудлыг өнөөдөр/2025.05.21/ МАН-ын Бага хурлаар авч хэлэлцэнэ. МАН-ын удирдлагуудаас Бага хурлаар хамтарсан Засгийн газрын асуудлыг шийднэ гэдэг мэдээлэл өгсөн байна.
ВИДЕО:
МАН-ын Бага хурлын гишүүн Л.Наранбаатар:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүтэйгээ холбоотой асуудалд санхүүгийн эх үүсвэрийг нь ард түмэнд хэлж өгөх ёстой байсан. Ачаагаа та нар үүр гээд ард түмэн МАН-ыг олонх болгосон. Тийм болохоор МАН боловсон хүчний нөөцтэй, бодлоготой, хүнд үед улс орныхоо ачааг үүрээд явах чадалтай нам. ХҮН нам, Ардчилсан намын нөхдүүд шуудайнд хийсэн эвэр шиг тодорхойгүй байдалтай байна. Энэ бол цаашид хамтарсан Засгийн газар явахад садаа болно. МАН-д ард түмэн итгэл үзүүлсэн учраас дангаараа Засгаа барих ёстой гэсэн байр суурийг илэрхийлэхээр Дархан-Уул аймгаас ирсэн. Хамгийн эхлээд Ерөнхий сайд маань тансаг хэрэглээний орлогыг авлигын мөнгө биш гэдгийг итгэл үнэмшилтэйгээр нотлоод өг. Дараа нь дангаараа Засгийн газраа байгуулах хэрэгтэй.