9 настай унаач хүү амиа алдсан хэрэгт тэнсэн харгалзах ял авсан уяач "Оршуулгын үеэр хэрэглэсэн махны мөнгийг өгөхгүй" хэмээн давж заалдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг давж заалдах шатны шүүх хурал болж, улмаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байна. Ингээд анхан шатны шүүх тус хэргийг энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд, шүүгдэгч Я нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А-д унуулсны улмаас унаач хүүхэд хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
-УЯАЧ Я: ХҮҮХДҮҮД МИНЬ ААВЫГАА НЭХЭЖ УЙЛАХ ЗОВЛОН ШАНАЛАЛ АР ГЭРТ МИНЬ ҮҮСЭЭД БАЙНА-
Гэсэн ч шүүгдэгч Я нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Ингэхдээ, тэрбээр "Унаач хүүгийн амь насыг болгоомжгүй үйлдлээс хохироосондоо талийгаач хүүгийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаад "Миний бие ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан юм. Манайх 7 сараас 13 насны 4 хүүхэдтэй эхнэр маань нялх хүүхдээ харах болон бусад хүүхдүүдээ хичээлд нь зөөж гэрээр ажилгүй байдаг. Намайг хоригдсоноос хойш эхнэр маань сэтгэл санаагаар унаж хөхний сүү ширгэж сүүгүй болсон. Хүүхдүүд минь хичээл сургуульдаа явах идэвхгүй болж, аавыгаа санах , орондоо шээх зэрэг ар гэр, үр хүүхдүүд минь амьдралын утга учиргүй байх байдал үүсэж ээжээсээ аавыгаа нэхэж уйлах гэх мэт зовлон шаналал ар гэрт минь үүсээд байна" хэмээгээд "Хохирогч тал хохирол төлбөр төлөх болон миний ар гэрээ тэжээх, нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлэх боломжоор хангаж хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгөх"-ийг хүсчээ.
Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Иймд энэ мэт харамсалтай хэрэг дахин гаргахгүй байх үүднээс “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангаж, унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлж байхыг анхааруулан, сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.