Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК өнгөрсөн жил түүх бүтээсэн. Харин энэ жил дөрвөн шинэ чиглэл нээж, агаарын хөлөгтөө парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна

Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК өнгөрсөн жил түүх бүтээсэн. Харин энэ жил дөрвөн шинэ чиглэл нээж, агаарын хөлөгтөө парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой, МИАТ компани үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн баяр өчигдөр /2025.05.22/ Corporate Convention Centre-д боллоо. Энэхүү баярын арга хэмжээнээс бид дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

ВИДЕО:

НЭЭЛТ: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Төрийн далбаа тээгч Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай аж амьдралаа холбож, оюун санаа, ур ухаан, ур чадвар, мэдлэг боловсрол, зүрх сэтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, үе үеийн удирдлагууд, захирлууд, өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт МИАТ компанийнхаа хамт олонд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой, МИАТ компани үүсгэн байгуулагдсаны 69 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

-МОНГОЛЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАХ ЗЭЭЛД МИАТ ГОЛ ТОГЛОГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ БОЛНО-

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: 2024 он бол МИАТ компанийн 69 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлттэй жил болж өнгөрлөө. Нийтдээ 4218 нислэгээр 1150000 зорчигч тээвэрлэж, нийтдээ 945 орчим тэрбум төгрөгийн орлого олсон сайхан жил болж өнгөрлөө. Энэ амжилтуудыг бид цаашид ч эвдээд явах болно. 2025 онд 4513 нислэг хийгээд 1.3 сая зорчигчийг тээвэрлээд нэг их наядын орлого олох зорилго тавьчихаад ажиллаж байна. Мөн 2025 онд дөрвөн шинэ чиглэлийг нээж, ард иргэддээ үйлчлэхэд бэлэн болоод байна.

Цаашлаад агаарын хөлгийн парк шинэчлэлийг хийж, 2025 оны зургадугаар сарын 15-нд орон нутагт нисэх CRG-700 хөлөг маань орж ирэхэд бэлэн болоод байна. 2026, 2027 онд дараалаад Боинг компанийн 737, 808 онгоцуудыг авахаар болсон гэх мэтчилэн олон амжилтууд биднийг угтаж байна.

Түүнчлэн Монголын агаарын тээврийн зах зээлд гол тоглогч нь МИАТ компани хэвээрээ үлдэнэ. Бид агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх ажлуудыг хамтдаа зохион байгуулж явах болно.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХ МӨЧИД ХАМТ ОЛНООРОО, КОМПАНИАРАА, ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА-

ХӨТЛӨГЧ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан юм.

МИАТ ТӨХК Агаарын хөлгийн ахлагч, үйлчлэгч Б.Сэндэр: Би МИАТ компанид 26 дахь жилдээ ажиллаж байна. Манай нөхөр заримдаа хөрсөн дээрээ бууж амьдраарай гээд тоглодог. Бид ер нь бол шөнө хүмүүсийг унтаж байхад шөнө 00:02-00:04 цагт  босоод явдаг. Гэртээ ирэхэд хүүхдүүд маань унтчихсан, гэр бүл маань унтчихсан байж байхад ирдэг. Тогтсон ажлын цаг гэж бидэнд байдаггүй. Хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө үнэлүүлээд Төрөөс одон медалиар шагнуулахад өөр мэдрэмж төрдөг юм байна. Огшдог юм байна. Янз янзын мэдрэмж төрж байна. Мэдээж маш их баярлаж байна.

Дотроо өөрөөрөө, компаниараа бахархаж байна. Хамт олноороо бахархаж байна. Үе үеийн ахмадууд болон нийт салбарынхандаа бүгдэд нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой, МИАТ компани үүссэний 69 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргалыг хүсье.  

-Б.МӨНХТАМИР: БИД АНУ-Д БҮРТГЭЛТЭЙ ИРГЭНИЙ НИСЭХИЙН FA-145 ОНГОЦОНД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ЭРХИЙГ АВЧ ЧАДСАН-

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: АНУ- руу нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын нислэгийн хүрээнд АНУ-ын иргэний нисэхийн байгууллагаас FA-145 буюу АНУ-д бүртгэлтэй онгоцонд хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийх эрхийг бид амжилттай авсан билээ. Мөн өнгөрсөн онд Олон Улсын агаарын тээврийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр миний бие сонгогдсон нь МИАТ компанийн хамт олны минь хүч, урам зориг байсан юм шүү. Ингээд энэ амжилтад хүрэхэд үе үеийн удирдлагууд, ахмад настнууд, хамт олон, ажилтнуудын хөлс хүч шингэсэн юм шүү гэдгийг та бүхэнд бахархалтайгаар хэлье.

-Б.ДЭЛГЭРСАЙХАН: АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫГ ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫГ ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БАЙНА-

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: МИАТ компани бол олон улсын нислэг үйлдэж, олон орнуудад нисч байгаа.

Үүний хамгийн тод жишээ бол удахгүй АНУ-д анхныхаа аяллыг хийх гэж байна. Энэ ч утгаараа олон улсын нисэхийн хяналтын байгууллагад шалгуулж хамгийн сайн “4” гэсэн үнэлгээ авсан.

Цаашдаа агаарын тээврийн компаниудыг либералчлах бодлогыг төрөөс баримталж байгаа. Үүнтэй холбоотой олон нислэгийн хувийн компаниуд байна. Эдгээр компаниуд Монгол Улсад нилээдгүй хөрөнгө оруулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд "Хүннү Эйр" компани Монголд Бразил улсад үйлдвэрлэгдсэн 136 хүний суудалтай, хол зам туулах хүчин чадалтай шинэ онгоц оруулж ирсэн. Ингэснээр төр хувийн хэвшил хамтарсан хөрөнгө оруулалтыг Монгол Улсын засгийн газраас дэмжиж аль болох татвараас чөлөөлж дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байна.

Олон газруудад нисэх онгоцны буудал барьж байна. Өмнөговь аймгийн Гурвансайхан онгоцны буудлын зурвасыг өргөтгөж Боинг онгоц буулгахаар болж байгаа. Удахгүй зургадуур сарын 10-аас эхлээд нисэх гэж байна. Мөн Мөрөн, Ховд, Чойбалсан чиглэлийн хотуудад 4D онгоцны буудал барихаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн Хэнтийн Өндөрхаанд гурван бүсийн ангиллын онгоцны буудал ашиглалтад орсон гэх мэтчилэн манай иргэний агаарын тээвэр бол жил ирэх тусам хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Мөн иргэдийн цаг хугацааг хэмнэх тав тухтай, аюулгүй зорчих боломжоор хангаж ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас  иргэний агаарын тээврээр орж ирж байгаа жуулчдыг татах бодлого явуулж байна. Өнгөрсөн жил 800 гаруй мянган жуулчин ирсэн. Даланзадгад, Мөрөн хотуудыг олон улсын онгоцны буудал болгосноор шууд гадагшаа нисэх, шууд орон нутагт буух боломжийг бүрдүүлж өгөх гэж байна.