Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг бэлэг, хэрэглээ "хамтарсан Засгийн газрыг огцруулах" хэмжээнд хүргээд байна. Тэгвэл энэ талаар олон улсын томоохон мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна. Тодруулбал, Washington post сонин энэ талаар өчигдөр /2025.05.22/ мэдээлжээ.
Тус мэдээлэлд, "Монгол Улсын 10 сарын настай хамтарсан Засгийн газар задарлын ирмэгт ирээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан олон нийтийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж буй энэ үед Засгийн газарт хамтарсан гурван намын удирдлагууд эвслийн гэрээгээ эргэн харж хэлэлцэж байна.
Парламентад олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын Нам эвслийн хоёр дахь том түнш Ардчилсан Намыг эвслээс хасах шийдвэр гаргаад байна. АН-ын зарим залуу гишүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг дэмжсэн нь эвслийн гэрээг зөрчсөн гэж МАН буруутгасан байна.
АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөр энэ талаар “Намын гишүүдээ амыг нь барина гэж би ямар нэг бичигт гарын үсэг зураагүй. Манай намын зан чанарыг би сайн мэднэ” хэмээн мэдэгдлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд парламентын баасан гараг /2025.05.23/-ийн хуралдаанаар энэ асуудал яригдаж болзошгүй юм. Тэрбээр дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч огцрох шахалттай тулгарч байсан ч албан тушаалаа хадгалж ирсэн юм.
Харин энэ удаагийн жагсаалын шалтгаан нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл тарсны дараа залуусын дунд бухимдал дээд цэгтээ хүрсэнтэй холбоотой юм.
45 настай, гурван хүүхдийн эх О.Ариунбилэг “Ерөнхий сайдын хүүгийн харуулж буй тансаг хэрэглээнд дургүй хүрээд жагсаж байна. Тэрний авлигын эсрэг хийсэн амлалт хий хоосон үг төдий” гэж хэллээ. Харин 26 настай жагсагч Б.Пүрэвнамжил “Ерөнхий сайд зургаан жил ажиллалаа, юу ч өөрчлөгдсөнгүй. Жагсаалд оролцогчдын ихэнх нь залуус, ямар нэг намд харьяалагддаггүй” хэмээлээ.
Пүрэв гараг /2025.05.22/-ийн жагсаал тайван өнгөрсөн бөгөөд иргэд нээлттэй микрофон ашиглан үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан коммунист улс байснаа ардчилалд шилжсэн Монгол Улс нь 3.5 сая хүн амтай, тэдний тал нь нийслэлдээ амьдардаг. Баялаг ихтэй энэ орны ашигт малтмалын орлого бизнесийн бүлэглэлүүд болон баячуудыг тэжээж байгаа ч жирийн иргэдийн амьдрал дорвитой сайжраагүй гэж жагсагчид үзэж байна. 2024 оны зургадугаар сард болсон сонгуулийн дараа МАН 68 суудалтай болсон нь эвсэл байгуулах шалтгаан болж, АН, ХҮН нам хамтран Засгийн газар байгуулсан юм" гэжээ.