Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "огцруулах асуудал өрнөх" болов уу

Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "огцруулах асуудал өрнөх" болов уу

Энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байна. Учир нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн гэх мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн. Иймд иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төр, ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байгаа юм. 

Харин өнгөрөгч лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасан. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үндэслэл болж магадгүй байгаа юм. Учир нь МАН-ын Бага хурлын өмнө “хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл бий.

Мөн өнгөрөгч амралтын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдэгдэл хийж, “өөрийн хүсэлтээр огцрох болсон” тухай болоод сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж магадгүй гэх мэдээлэл байсан, тэрээр мэдээлэл хийсэнгүй. 

Тэгвэл Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллены айлчлалын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөхгүй байж магадгүй байна. Учир нь Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Белленыг манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төв талбайд ёслол төгөлдөр угтан авах бол үүний дараа Александр Ван дер Беллендад манай УИХ-ын дарга Л.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, уламжлал ёсоор хүндэтгэл үзүүлнэ. 

Харин Австрийн Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй айлчлал үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь огцрох болсон тухайгаа олон нийтэд мэдэгдчихсэн, УИХ-аар түүний огцрох хүсэлтийг нь хэлэлцэж байх нь зохимжгүй, манай төр засаг ч тогтворгүй нөхцөлд байж болохгүй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргах процесс Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллены манай улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөсний дараа үргэлжилж магадгүй байна. 

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өчигдөр манай улсад хүрэлцэн ирээд байна. 2025.05.25

Энэ сарын 25-28-ны өдрүүдэд үргэлжлэх айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд төрийн тэргүүн нь манай улсад анх удаа айлчилж байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө