Батлан хамгаалах салбар энэ онд 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Сүзүки жимни” маркийн төмөр хүлгийг өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тус салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн бол өчигдөр “Ниссан Навара” маркийн 20 машиныг цэргийн ангийн төлөөлөлд гардуулжээ. Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлуулсан байна.
Түүнчлэн алсалсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа дэмжих бодлого гарахын сацуу хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрийг 2025 онд шинэчилжээ. Ингэснээр хугацаат цэргийн алба хаагчид цэргийн мэдлэгээс гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, халагдахдаа жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдсэн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болсон байна.
Үүнээс гадна цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчилсэн бөгөөд цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид нэгдүгээр зэрэг 20, хоёрдугаар зэрэг 15 хувь, гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авдаг болжээ.