Өнөөдөр /2025.05.30/ МАН-ын гишүүд, дэмжигчдийн "Ардын хүч" холбооноос намын удирдлагууддаа шаардлага хүргүүллээ. Шаардлагын агуулга нь өнгөрсөн долоо хоногт хуралдсан Бага хурлын VI хуралдаанаас гарсан шийдвэр нь хүчинтэй бөгөөд дагаж мөрдөх ёстой гэдэгт чиглэж байгаа аж.
Энэ талаар "Ардын хүч" ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа ярихдаа " Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй удааж буй учир шаардлага хүргүүлж байна. Хувийн асуудал нь намын асуудал, намын асуудал нь төрийн асуудал болж өргөжөөд үүний улмаас МАН-д итгэх иргэдийн итгэл буурч, энэ нам цаашид байх эсэх асуудал хүртэл хөндөгдөж эхэллээ. Маш хурдан арга хэмжээ авч Засгийн газрыг стандарт шийдлээр ажиллуулж, үүрэг хариуцлагаа үүрээчээ гэдэг шаардлагыг намын удирдлагадаа өгч байна. Төр засагт байгаа хүмүүс бие биенээ хардаж намын гишүүдийн эв нэгдэл алдагдаж, намуудын итгэлцэл хүртэл алдагдлаа. Эцэст нь иргэд хохирч байна. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хамтарсан Засгийн газар ажиллахгүй бол би ёс зүйн хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдчихээд байхад ингэж удаан байгаад УИХ-аас шийдвэр гарахыг хүлээгээд улс төрийн эр зориг гаргахгүй байж болохгүй. Ний, нуугүй хэлэхэд цаг авах гээд байгаа юм биш үү гэж харж, шүүмжлэлтэй хандаж байна. Тэр бүү хэл УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн ба бусад хуулийг зөрчсөн гэж үзээд санал асуулга явуулах ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр энэ бүхнийг гацааж байхаар эр зориг гаргаад, улс төрийн шийдэл гаргаад явах ёстой" гэлээ.