Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсад 1992 онд үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал ард түмний төлөөллийн байгууллагаар хэлэлцэгдэж байна. Бодлогын тодорхой асуудлаар үндэслэж итгэл үзүүлэхийг хүсжээ. Үүнийг гайхаж байна. Ямар нам, хэн гэдэг гишүүн таныг бодлогыг тасалдуулаад байна вэ. Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичигт ард түмний төв байгууллагаар шийдвэрлүүлэхийг хүсжээ. Монгол Улсын үндсэн хуульд ийм байгууллага байхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуульд хамтарсан Засгийн газар гэдэг ойлголт байхгүй. Монгол Улсын Засгийн газар гэх ойлголт байгаа. Түүнчлэн Б.Чимэд багшийн хэлсэнчлэн Эвслийн Засгийн газар гэсэн ойлголт ч байхгүй. Зөвхөн сонгуулийн өмнө эвсэл байгуулж болох тухай Үндсэн хуульд байдаг. Хамтарч Засгийн газраа байгуулах асуудал бол улс төрийн хүрээнд ярианы хэллэг байгаа юм. Энэ ярианы хэллэгийг УИХ-ын тогтоолоор баталж болох уу гэдгийг хуралдаан даргалагчаар асуумаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн саад үүсэж байгаа учир энэ бодлого хэрэгжих боломжгүй болж байна. Тиймээс парламент өөрийнхөөрөө шийдээрэй гэсэн шийдэл. Энэ бол аль ч парламентын засаглалтай улсад байдаг жишиг. Сонгодог парламент гэсэн үг байхгүй. Бид сонгодог парламент гэж яриад байгаа. Парламент ард түмний нэрийн өмнөөс ажиллах ёстой төлөөллийн байгууллага. Улс төрийн асуудал үүссэн. Үүн дээр Ардчилсан нам, Хүн намтай холбоотой, томилгоо тойрсон асуудал гээд нэлээд том асуудал манай бүлгийн хурал дээр болсон. Тэр асуудалд илэн далангүй хариулсан. Цаашид хамтрахгүйгээр том том төслүүд явна гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ парламентын мэтгэлцээн сонирхолтой болох байх. Өнөөдөр гаргах шийдвэрийг Ерөнхий сайдын хувиар би харж чадахгүй байна.