УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Орлогоо нотол” гэсэн залуусын хөдөлгөөнөөр эхэлсэн. Үнэн, худал нь мэдэгдэхгүй бужигнасаар байгаад нэг мэдсэн манай намын Бага хурал зарлагдсан. Манай намын Бага хурал хуралдсан. 100 гаруй жилийн түүхтэй нам хүний цүнх, гутал ярихгүй. Ер нь энэ хамтарсан Засгийн газар зөв үү, буруу гэж л ярьсан. Зүүн төвийн үзэл баримтлалтай 300 гаруй мянган батлах өвөртөлсөн гишүүдтэй, улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн төлөөлөл юм. Манай намын даргын гаргасан саналын томъёоллоор санал хурааж, гэрээний үүргээ биелүүлээгүй Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргая гэдэг саналд нэгдсэн шүү дээ. Намын Бага хурал бол энд сууж буй 68 УИХ-ын гишүүнийг сонгож дэвшүүлсэн байгууллага юм. Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэн дэвшихийг шийддэг албан ёсны байгууллага. Үргэлж шийдвэр нь биелэж байдаг улс төрийн зорилготой байгууллага. Бусад нам ч шийдвэрээ гаргадаг. Улс төрийн шийдвэрийг улс төрийн нам л гаргадаг. Төрийн дээр нам гараад суучихлаа гэж ярих хэрэггүй. 2024 оны долдугаар сард гаргасан “Хамтарсан Засгийн газар байгуулах” шийдвэрийг бид энэ хурлаар цуцалсан. Улс төрийн хувьд одоогийн хамтарсан Засгийн газар байхгүй болчихсон.
Намынхаа Бага хурлын шийдвэрийг биелүүлэхгүй байж УИХ-аар шийдүүлэх гээд яваад байна. Өдрөөс өдөрт тоо нь нэмэгдээд байгаа жагсаалд миний ах дүү, найз нөхөд ч оролцож байна. Уурлаад над руу бичиж байна. УИХ шившиг болно шүү. Уучлаарай чи миний найз, ах байх хамаагүй шүү гэж байгаа юм.
Энэ чинь УИХ-ын зовлон болж байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед олон том төсөл амжилттай хэрэгжсэн. Үүний нэг нь ураны төсөл. Гэтэл ураны төслийг эхнээс нь жадлан эсэргүүцэж байсан гудамжны босоо, хэвтээ, хөхдөг, хөхдөггүй хүмүүс өнөөдөр манай намын даргыг өмөөрөөд өлсгөлөн зарлахыг харж байна. Тэдний ард байдаг гэх Женко Х.Баттулга гэх өнөөдөр ирчихсэн намын гишүүддээ "энэ Засгийн газрыг авч үлд" гэдэг яриаг хэлж байна гэх хэл ам сошиалаар явж байна. Үзээгүй юмаа л үзэж байна. Хоёр том нам нь 118-ын бүлэг болчихсон. Ард түмэн нь сөрөг хүчин болчихсон “Наадах чинь буруу байна” гэж шаардаж, хоёр нам нь шийдвэрээ гаргачихсан байхад бид одоо ямар шийдвэр гаргах гээд энд байгаад байгаа юм" гэлээ.