Л.Оюун-Эрдэнэ: Хэрэв би Х.Баттулгын бодлогын дэмждэг байсан бол "зургаан жилд нэг удаа" гэдэг заалтыг сөрөн сөрөн хийхгүй байсан

Л.Оюун-Эрдэнэ: Хэрэв би Х.Баттулгын бодлогын дэмждэг байсан бол "зургаан жилд нэг удаа" гэдэг заалтыг сөрөн сөрөн хийхгүй байсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Миний харж байгаагаар Монголын нийгмийн оюун санаа гэж хэллэгддэг хүмүүс өөрийг чинь маш ихээр эсэргүүцдэг. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гэх хүнийг өөрийнхөө зөвлөхөөр авч байсан. Үүнтэй холбоотойгоор түүний баримталдаг улс төрийн бодлого буюу уул уурхайн салбарт, дээр нь эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүд, хувийн өмчид халдах, халамжийн бодлого дээр өөртэй чинь адилхан байр суурь илэрхийлдэгт энэ хэсэг хүмүүс ихээхэн дургүйцдэг. Энэ нь хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэх бус тухайн бодлогыг эсэргүүцдэг хэсэг байгаа" гэв. 

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Намайг Х.Баттулга гэдэг хүнтэй харддаг асуудал улс төрийн хүрээнд их явдаг. Яг бодитой үүссэн асуудлыг эргээд бодвол Х.Баттулга ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд зургаан жилээр нэг удаа гэдэг Үндсэн хуулийн асуудал яригдаж байсан. Тухайн үед парламент танхимд хоёр удаа унаад, гурав дахь удаад нь би үг хэлж, энэ асуудлыг нийт гишүүдээр дэмжүүлэх асуудлыг хийж байсан. Хэрэв би тэр хүний бодлогыг дэмждэг байсан бол зургаан жилд нэг удаа гэдэг заалтыг сөрөн сөрөн хийхгүй байсан. Хоёр дахь зүйлийг танай бүлгийн дарга Ганбат мэдэж байгаа. Зургаан жилээр нэг удаа гэдэг заалттай холбоотой дэвших эрхтэй юу гэдэг асуудал үүссэн. Энэ асуудал намайг ерөнхий сайд болсны дараа үүссэн. Ерөнхийлөгч байсан хүмүүс парламентад орж ирэхийн эсрэг байр суурьтай байдаг. Манай өрөөнд Л.Гантөмөр, Т.Доржханд, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байсан. Тэр нь жагсаалт шийдэгдэж байх үед, дараа нь бүсчилсэн тойрог баталж байх үед. Би ганцхан хүсэлт тавьсан, Х.Баттулга болон Ц.Элбэгдоржийг дэвшүүлэхгүй шүү, жагсаалтад оруулахгүй шүү гэж ярьж байсан. Бид бүгдээрээ гар барьсан. Харамсалтай нь ийм асуудал болсон" гэв.