УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.02/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Үргэлжлүүлэн үгээ хэлж байна. Хуралдааны үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд орж ирж байр сууриа иэрхийллээ.
ВИДЕО:
Тэрбээр “Нөхцөл байдлын талаар нэлээдгүй мониторинг хийсэн холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Ерөнхийлөгч, төрийн тэргүүн төрийн эрх барих дээд байгууллагынхаа хуралд өөрийн биеэр оролцож зарим тодорхой бус зүйл дээр хариулт өгөх нь чухал гэж үзлээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Та бүхэн мэдэж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг өнгөрсөн таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ. Би нэг удаа парламентад орж парламентынхаа тухай, Засгийн газрын үйл ажиллагааны тухай буруу, зөрүү зүйл ярьж байсныг та бүхэн минь сонсоогүй байх. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг сайн мэднэ. Миний хувьд цар тахлын хүнд үед ажиллаж байсан. Заримдаа яс янгинах хэцүү ажил. Зовлон, жаргалыг ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж бэлтгэж, хамт амьдарсан. Улс төрчийнхөө хувьд, удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй хандаж, хайрлаж, хамгаалж ирсэн. Өнөөдөр ч би хайртай байгаа. Тийм учраас хувь хүний асуудлыг өнөөдөр хөндөхгүй.
НЭГДҮГЭЭРТ, хүн засаглахгүй, хууль засаглана. Үүнд би өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн "Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой" гэж яриад явааг бий ойлгохгүй байна. Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Ардчилсан нийгэмд өсч хүмүүжсэн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө улс төрийнхөө бүх он жилүүдийг зориулсан. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэ байр сууриа байнга илэрхийлсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Саяын 126 гишүүнтэй болсон асуудал байна. Үүнийг би бүгдийг дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүх эрх мэдлээсээ татгалзсан. Бүх эрх мэдэл Засгийн газар руу шилжсэн. Үүнийг би МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн. Ерөнхий сайд, танхимдаа ажиллах сайд нараа хэнээс ч хамааралгүйгээр томилж, чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч энд ямар ч оролцоогүй болсон. Надад зөвхөн мэдэгддэг л болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай эн чацуу байдаг. Манай нөхцөлд Ерөнхийлөгч дээд танхимын үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас АТГ-ыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байлгах нь Монголын улс төр шударга ёсонд нийцэхгүй юм байна. Тэр байгууллага нь Засгийн газрынхаа бүтцэд байж, парламент нь Засгийн газраа хянадаг учраас тэнд байх нь илүү зохимжтой гэж үзэж би өөрөө хийсэн юм. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулаад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилохгүй байгаа шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийг парламент байгуулдаг болсон. Парламентын эрх мэдлийнх болсон. Ийм л Ерөнхийлөгч байгаа шүү дээ. Надад ганц зүйл байгаа нь ард түмний итгэл найдвар. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн үеэр “Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэж би хэлсэн. Сая би өөрийнхөө нэрийн хуудсанд үүнийг албажуулж тавьсан. Та бүхэн уншсан байна лээ. Зөв хүлээж авсанд Тэмүүжин гишүүнд бас талархал илэрхийлье. Манай ард түмний сонгосон сонголт бол парламент. Энэ бол бидний үнэт зүйл. Ардчиллын баталгаа бол парламент.
Тийм учраас парламентын засаглалыг байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг би дэмжихгүй. Би өөрийгөө дахиж зургаан жилээр сонгохгүй. Тийм дабль стандарт байж болохгүй. Би үүнийг урьд нь хэлж байсан шүү дээ. Намайг хэн дахин сонгоод байгаа юм.
Яагаад улс төрийн нөхцөл байдлыг парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэж хуваагаад ард түмний толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулж хариуцлагаас зугатах гээд байгаа юм. Би зарчим ярьж байна шүү дээ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь эхлээд зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий яриарай, хуурч битгий мэхлээрэй гэж аминдаа ах хүний хувьд, дарга удирдагчийнх нь хувьд захиж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байна. Хүн чанаргүй зан авир, эр хүний жудаггүй ааш авир гаргахгүй байна гэдэгт итгэлтэй байна. Парламент ёсоо улам бэхжүүлэхийн төлөө бүгдээрээ ажиллана. Би маш тодорхой хэллээ.
ХОЁРДУГААРТ, Баялгийн санг би санаачилсан юм. Үүнийг өнөөдөр санаачилсан юм биш. Би МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуульд өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг оруулсан юм, нөхөдтэйгөө хамт. Би энэ байр суурьдаа тодорхой байна. Баялгийн сангийн ажлыг шуурхай явуул гэж парламентад хэлж байсан. Монголын баялаг ард түмний өмч байх ёстой юм. Энэ бол миний хүүхэд байхаас тогтсон философи. Энэ бурханы бүтээл. Тийм учраас ард түмэнд ижил тэгш үйлчлэх ёстой. Баялгийг хулгай хийж авсан хүмүүс буцааж өгөх ёстой. 2019 онд Оюун-Эрдэнэ миний Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед би томилолт өгөөд Норвегийн баялгийн санг судлаад ир гэж явуулж байсан. Их чухал юм байна гээд ирж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол. Хоёрдугаарт, улсын аюулгүй байдал. Гуравдугаарт, ард түмний эв нэгдэл. Төрийн тэргүүний үйл ажиллагааны үндсэн гурван зарчим энэ шүү дээ. Та бүхнийг ч бас ийм байх ёстой. Сүүлийн 20 хоног харлаа. Гудамж талбайд юу болж байгааг бүгд харж байгаа байх. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад “Та нар ард түмнээ сонсооч” гэж хэлсэн. Энэ ард түмэн чинь юу яриад, юу хүсч мөрөөдөөд байна. Олон залуу талбайд гарч ирээд 20 хоног жагсаж байна. Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Монгол Улс ардчилсан орон. Парламентын гишүүдийг ард түмэн сонгодог. Ард түмний төлөөлөл болох залуус гарч ирээд шударга ёс тогтоох тухай, хариуцлагатай байх тухай хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг өөр юм энд яриад байх юм. Асуудлаа тодорхой яриач. Олон түмэн 20 хоног хүлээлээ. Та бүхэн ард түмнээс сонгогдсон, ард түмний мандаттай учраас ард түмний шаардлагад хариу өгөх ёстой гэж бодож байна. Улсын эрх ашгийг тэргүүн эгнээнд аливаа нэг албан тушаалтны эрх ашгийг ард нь тавина гэж тангараг өргөсөн гэж боддог шүү дээ. Би амьдралдаа дөрвөн албан тушаалыг өгч байлаа. Үүний ард олон түмний эрх ашиг, эв нэгдлийг л тэргүүн эгнээнд тавьж байсан юм. Өчүүхэн албан тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг байх ёстой. Хариуцлага алдсан бол хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой. Мөн ард түмнээсээ уучлалт гуйдаг, үнэнээ хэлдэг байх ёстой. Ард түмний эв нэгдэлд гай болж болохгүй. Үүнд бүх албан тушаалтнууд анхаарах ёстойг зөвлөж байна.Би улс төрд 35 жил явж байна. Зөндөө л алдаж оносон. Би албан тушаалаа хэзээ ч худалдаж байгаагүй. Улс орноосоо урваж байгаагүй. Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныханд 50 сая вонноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж амьдраагүй. Би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Би эх орондоо хайртай. Эцэст нь хэлэхэд, ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү. Ард түмэн өчнөөн хоног талбай дээр ирж сайн дураараа хүсэл зорилгоо илэрхийлж эрх чөлөөгөө эдэлж байгаа. Шударга ёсыг нэхэмжилж байгааг хангахын төлөө би ажиллана. Би ард түмнээсээ хэзээ ч урвахгүй, ард түмнийхээ талд зогсоно. Төрийн тэргүүнийхээ үгийг зөвөөр ойлгож асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. Энэ Засгийн газар яагаад тарсныг та бүхэн мэдэж байгаа. Надаас биш Ерөнхий сайдаасаа асуу. Яагаад тарах болсныг хэн энийг тараах санаачилга гаргасныг холбогдох хүмүүс тайлбарлах болов уу. Бие биенээ доромжилж гутааж бусдын нэр хүндэд халдахаа боль. Арай дэндэж байгаа юм биш үү. Үг хэлж байгаа хүнийг ямар муухай харлуулж, доромжилж, хүнд байдалд оруулж байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй. Ийм юм хийж байж ардчиллыг хамгаалж, ардчиллын талаар дуугарч байгаад би гайхаж байна. Ард түмнээ талцуулж битгий шар махтай нь хатаагаад бай. Асуудлаа шийд. Ард түмэн харж байгаа. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлыг шийдэж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү. Ямар нэгэн хатгаасгүйгээр энэ олон залуус шударга ёсны төлөө эмх цэгцтэй үймээн самуунгүй үзэл бодлоо илэрхийлж байгаад би талархаж байна. Манай залуус ондоо болсон,ухаалаг болсон. Тэдний ярьж байгааг бүгд сонсож байна. Ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль. Парламент бол ард түмний төлөөлөл. Миний хувьд нөхцөл байдлыг харж байгаад цаашдаа дараа дараагийнхаа үгийг хэлнэ" гэлээ.