Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-ны лхагва гарагт тохионо.
Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой байдаг билээ.
Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын сүм хийд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан боловч 1990 оноос энэ өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ. Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах хэрэгтэй аж.