Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Бага хурлыг пүрэв гарагт зарлажээ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Бага хурлыг пүрэв гарагт зарлажээ

МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногийн пүрэв гарагт /2025.06.05/ зарласан байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. "МАН дангаараа Засгийн газрыг бүрдүүлж ажилла" гэсэн МАН-ын Бага хурлын шийдвэр гарсан. Тэгэхээр уг шийдвэрийн дагуу МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж ажиллах уу гэсэн нийгмийн хүлээлт байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар томилдог.  Тодруулбал, Үндсэн хуулийн 39.2-т Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 39.3-т Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг.