БИДНИЙ ТУХАЙ: "Хүүгийнх нь тансаг хэрэглээ иргэдийн дургүйцлийг төрүүлж Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо" гэж BBC агентлаг мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Хүүгийнх нь тансаг хэрэглээ иргэдийн дургүйцлийг төрүүлж Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо" гэж BBC агентлаг мэдээлжээ

BBC агентлаг "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон" талаар мэдээллийг өнөөдөр нийтэлжээ. Тус мэдээлэлд, "Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тансаг хэрэглээтэй холбоотой шуугианы улмаас олон нийтийн дургүйцэл, жагсаал цуглаан өрнөж, эцэст нь УИХ-ын итгэлийн санал хураалтад унаж, огцорлоо.

Учир нь түүний хүү болон түүний найз бүсгүйн сүйн бөгж, тансаг хэрэглээг илтгэх гэрэл зургууд цахим орчинд нийтлэгдэж, Dior брэндийн цүнх, үнэтэй дэлгүүрийн уут барьсан зургууд олны анхаарлыг татсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, "Авлигатай тэмцэх байгууллага Ерөнхий сайдын гэр бүлийн санхүүгийн байдалд шалгалт хийж байгаа" аж.

Итгэл хүлээлгэх парламентын санал хураалт 2025 оны зургадугаар сарын 2-нд болсон бөгөөд санал хураалтад оролцсон 88 гишүүний 44 нь Оюун-Эрдэнийг дэмжсэн ч, түүнд УИХ-ын нийт 126 гишүүний 64-ийн дэмжлэг хэрэгтэй байсан тул санал хураалт амжилтгүй болсон байна. 

Санал хураалтын дараа Л.Оюун-Эрдэнэ, “Эх орон, ард түмэндээ тахал өвчин, дайн, тариф зэрэг хүндрэлтэй үед үйлчлэх нь нэр төрийн хэрэг байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдыгаа огцрохыг шаардаж, хоёр долоо хоногийн өмнө залуус тэргүүтэй олон зуун иргэн гудамжинд жагссан. Харин Л.Оюун-Эрдэнэ авлигын хэргийг үгүйсгэж, “энэ бол намайг гутаах зорилготой зохион байгуулалттай кампанит ажил” хэмээн мэдэгдсэн юм.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2024 оны тайланд Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 114-т жагсаж, өмнөх жилүүдээс илүү дордсон нь тэмдэглэгдсэн байна.

Монгол Улс нь ЗХУ задарсны дараа ардчилсан тогтолцоонд шилжсэн ч авлига өнөөг хүртэл ноцтой асуудал хэвээр байгаа юм. 2024 онд АНУ-ын прокурорууд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын Нью-Йорк дахь хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах оролдлого хийсэн бөгөөд түүнийг уул уурхайн авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч ноён Сү.Батболд өөрийгөө буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. Монгол Улс сүүлийн жилүүдэд АНУ болон Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, “гуравдагч хөршийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлэх чиглэлээр гадаад бодлогоо чиглүүлж байгаа билээ" гэжээ.

Эх сурвалж: BBC