ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонсож, хоёр ажлын хэсэг байгууллаа

ЭЗБХ: Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонсож, хоёр ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.03/ хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонсов.
 
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Монголбанкан дахь "Ирээдүйн өв сан"-ийн валют болон Төрийн сангийн дансан дахь хуримтлал, Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, гүйцэтгэл болон Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ипотекийн зээлийн хэрэгжилтийн талаар байнгын хорооны ажлын хэсэг байгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
 
-ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ШААРДЛАГЫГ ХАНГАСАН APPLE PAY ҮЙЛЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭН-
 
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулснаар: Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого үр дүнгээ өгч, инфляц 2024 оны туршид Төв банкны зорилтот интервалд хадгалагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүллээ. Гадаад валютын улсын нөөц 2024 онд түүхэн дээд хэмжээнд буюу 5.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин бууруулж, гадаад өрийн дарамтыг багасгалаа. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ түвшинд хүргэн нэг шат ахиулав. Банкны салбарын актив хөрөнгө 2024 оны эцсийн байдлаар 25.1 хувиар буюу 14.3 их наяд төгрөгөөр өсөж 71.4 их наяд төгрөгт хүрсэн бол чанаргүй зээлийн хувь хэмжээ 4.4 хувьд буюу 2015 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрлээ.
 
Олон улсын стандарт, шаардлагыг хангасан Apple Pay үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын цахим төлбөрийн экосистемийг шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавилаа. FICO зээлийн онооны системийг Монголд анх удаа нэвтрүүлэв. Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого, үйл ажиллагаагаа тууштай чиглүүлэн ажиллана гэв.