Дараагийн Ерөнхий сайдыг 70 оны төлөөллөөс сонгох тохироог хийсэн бөгөөд Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Г.Занданшатар нарын хувилбар яригдаж байна

Дараагийн Ерөнхий сайдыг 70 оны төлөөллөөс сонгох тохироог хийсэн бөгөөд Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Г.Занданшатар нарын хувилбар яригдаж байна

Дараагийн Ерөнхий сайдыг 70-аад оны төлөөллөөс сонгоно гэж МАН-ын удирдлагууд ярилцсан байна. Үе алгасаж Ерөнхий сайд томилох нь бүх талаар учир дутагдалтайг Л.Оюун-Эрдэнэ харуулсан хэмээн дүгнэжээ.

-ҮЕ АЛГАСАЖ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ НЬ БҮХ ТАЛААР УЧИР ДУТАГДАЛТАЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХАРУУЛСАН ГЭЖЭЭ-

Сая огцордог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёул 1980 оны залуу бөгөөд тэд 40 нас дөнгөж гараад дээрх өндөр албан тушаалд ажилласан байдаг. Тэгэхээр энэ удаа 80 оны төлөөллөөр Ерөнхий сайдын ажлыг хийлгэхгүй нь. Харин парламентад хоёр ба түүнээс дээш сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажилласан туршлагатай, 70 оны төлөөлөл гэвэл хэн байж болох вэ гэдэг хувилбар яригдана. Мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр ажилласан, багийнх нь хүн байх ёстойг хөшигний ард ярьж байна.

Ингээд үзвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Д.Цогтбаатар нар л байна. 

Гэхдээ Ерөнхийлөгчийн багийнх гэдгээрээ Б.Батцэцэг, Ж.Энхбаяр байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд өнгөрсөн өвөл "Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй байхыг дэмжих үү" гэсэн судалгааг хийлгэсэн гэх мэдээлэл бий. Ж.Энхбаяр, Б.Батцэцэг нарыг нам гүм байж байгаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх талаарх яриа хэдхэн хүний дунд яригдсан нь бодитой. Гэхдээ улс төрд үүссэн нөхцөл байдлаас үүдэн тэдний нэгийг Ерөнхий сайдад томилох тухай ойрын хугацаанд нухацтай ярьж байна. С.Амарсайханы хувьд хамгийн их горьдлоготой байсан ч Женко Х.Баттулгатай ойр, нийгмийн дэмжлэггүй гэдгээрээ хасагджээ. Г.Занданшатар ч мөн идэвх өндөр байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн нэг тойрогт ч ялалт байгуулж чадаагүй хүнийг Ерөнхий сайдын албан тушаалд томилохгүй гэсэн байна. С.Бямбацогтыг дэндүү хөнгөн, С.Жавхланг ашиг сонирхол ихтэй зэргээр шүүж буй аж. 

-ГАДААД, ДОТООД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНД ҮЕД ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДОХ ХҮН НЬ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЭКСПЕРТ БАЙХ НЬ ДАВУУ ТАЛТАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛЖЭЭ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд гадаад нөхцөл байдал амаргүй үед дараагийн Ерөнхий сайд нь гадаад харилцааны эксперт байвал илүү давуу талтай зэргээр захиж буй тухай мэдээлэл ч байна. МАН-ын Бага хурал маргааш /2025.06.05/ хуралдах товтой байна. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар томилдог.  Тодруулбал, Үндсэн хуулийн 39.2-т Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 39.3-т Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан. Тэгэхээр Ерөнхий сайдын томилгооны дараа сайд нарын томилгоо, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал яригдана.