Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг өчигдөр хүлээн авч уулзав. Тэрбээр Суурин төлөөлөгчид эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бодлогын шинэ арга хэмжээнүүдээс товч танилцуулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж болох зарим тодорхой арга хэмжээний талаар ярилцав.
Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хүний нөөцийг чадавхижуулах хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, ялангуяа эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийг боловсронгуй болгоход шаардагдах чадавхыг бий болгох чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн хиймэл оюун ухаан, цахим шийдлийг салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар тодорхой санал солилцлоо.
Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте хамт байлцаж, Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогын үр дүнд бий болж байгаа хөгжлийн үр дүнг тогтвортой хадгалахад шаардагдах чадавхыг бий болгоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэргэжил арга зүйгээр хангаж, гүүр болон ажиллах болно гэлээ.