Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байсан үйлдлийг өнгөрсөн оны наймдугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгаж байсан билээ.
Улмаар прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу тус шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ч.Амарбатыг 5400 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.