Гүрвэл буюу реппер 113 нэрээр уран бүтээл туурвидаг артист Э.Очирваань нь "Зуны зугаа" шоу тоглолтынхоо үеэр, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал “Сургууль минь баяртай” тоглолтынхоо үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргээр шалгагдаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Энэхүү мэдээллийн дараа нэр дурдагдсан хүмүүс мэдээллийг үгүйсгэж, "Тоглолтынхоо үеэр шинжилгээ өгсөн. Гэхдээ юу ч гараагүй" хэмээн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн юм.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг зөрчлийн хэргээр шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийн “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар хуулийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Б.МӨНХСАЙХАН