Анхан шатны шүүхээс 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш албан тушаал дэвшиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт томилогджээ.
Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш нь Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагч
- Э.Цэнд-Аюушид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
- шүүгдэгч П.Отгонбаатарт 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
- шүүгдэгч Э.Мөнхбаясгаланд 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан байдаг.
Харин шүүхээс
- Шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч П.Отгонбаатар болон Э.Мөнхбаясгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.
Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, торгох ял сонссон Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас нэг сар хүрэхгүй хугацааны дараа буюу өнгөрсөн тавдугаар сард /2025.05.16/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл, соёлын өвийн хэрэгжилтийн газрын даргаар томилогдсон байна. Улмаар уг албан тушаалаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа аж.
Харин шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонссон хүнийг шагнаж байгаа мэт албан тушаал ахиулсан томилж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдэг нь өдгөө анхаарал татаж байна.