Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах гэж байхад нь саатуулжээ

Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах гэж байхад нь саатуулжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 47217 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 467 хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Нийт мөрдөн шалгасан хэргээс иргэдэд анхааруулах зорилгоор дараах хэргийг онцлон танилцуулав. Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байх үед нь алба хаагчид саатууллаа. Тухайн иргэн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдыг залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ. Иргэн Э нь арилжааны банкуудын таван данс ашиглан эрүүл мэндийн шалтгаанаар бусдаас хандив хүссэн зар мэдээллийг хуулбарлан авч, дансны дугааруудыг нь өөрчилж, хуурамч хаягаар хандалт ихтэй группууд рүү түгээж, иргэдийг хуурч мэхэлж байжээ. 

Гэмт этгээдийн ашигласан таван дансанд үзлэг хийхэд урьдчилсан байдлаар 1050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөг залилсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байна. Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зар мэдээг ашиглан цахим орчимд 2500 гаруй иргэнийг залилсан хэргийг СХД-ийн Цагдаагийн газарт нэгтгэн шалгаж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчин дахь хандив хүссэн зар мэдээллийг нягталж, шалгасны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.