Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын өргөн барьсан хуульд “цагийн ажил хийж байгаа бол НДШ төлөхгүй”, “хоол, унааны мөнгөнөөс НДШ хасахгүй” байхаар заажээ

Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын өргөн барьсан хуульд “цагийн ажил хийж байгаа бол НДШ төлөхгүй”, “хоол, унааны мөнгөнөөс НДШ хасахгүй” байхаар заажээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг нарын гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногийн лхагва гарагт Байнгын хороогоор, пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Энэ хуульд нэг удаагийн ажлын хөлс, хөнгөлөлт урамшууллаас татвар авдгийг болиулах,  ажил олгогч ажилтныхаа өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдгийг болиулах зэрэг чухал өөрчлөлтүүдийг тусгасан байгаа юм.

-АЖИЛ ОЛГОГЧ 12.5-14.5 ХУВЬ, ДААТГУУЛАГЧ 11.5 ХУВИЙН НДШ ТӨЛЖ, ХХОАТ 10 ХУВЬ, НӨАТ-ЫН 10 ХУВИЙН ТАТВАР ТӨЛЖ БАЙНА-

2024 оноос хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулинд хөлсөөр ажиллуулах хувь хүний байгуулсан бүх гэрээнээс шимтгэл авдаг болсон. Улмаар НДШ нь татвараас ялгагдахааргүй иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж, иргэд ч шүүмжлэлтэй хандах болсон. Тухайлбал Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай. Мөн олж буй бүх орлогоосоо татвар төлж байгаа буюу орлого олсны 10 хувь, НӨАТ-ын 10 хувийн татварыг тус, тус төлдөг. Иймд анэ их татвар, НДШ иргэдийн амьдралд дарамт учруулж, татварын бодлогоо шинэчлэх, цогцоор нь өөрчлөхийг шаардаж байгаа. Гэвч нийгмийн даатгал бол зайлшгүй байх зүйл.

Иймд бага ч атугай өөрчлөлт хийж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөвчлөх, орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах нэн шаардлагатай байна.

2008 оны тавдугаар сард Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл батлагдсанаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээлгэж, гэрээ байгуулсан аль аль тал нь тухайн хувь хүнд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх үүрэгтэй болсон. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөс өмнө зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн харилцааны үр дүнд бий болсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлөх зохицуулалттай байсан юм. Харин энэ зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг нарын гишүүд өргөн барилаа.

-ХООЛ, УНАА, ТҮЛЭЭ, НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТ ЗЭРЭГ ОРЛОГООС НДШ АВДГИЙГ БОЛИУЛНА-

Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах уг хуулийн төслөөр чухал гурван заалтыг л тусгажээ.

Нэг. “Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан хүнийг ажиллуулсан, эсхүл гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах гэж өөрчлөн найруулах"

2024 оны нэгдүгээр сараас хойш мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд,

  • Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ,
  • Хөлсөөр ажиллах гэрээ
  • Тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажиллаж буй хүнийг албан журмаар даатгуулахаар хуульчилсан байдаг. 

Тэгвэл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил эрхэлж буй хүнийг нийгмийн даатгалд заавал хамруулах ёстой гэсэн заалтыг хасаж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах талаар тусгажээ. Ингэснээр ажил олгогчдын нуруун дээрх ачаа хөнгөрч, цагийн ажил, түр зуурын ажил эрхэлсэн иргэдийн гар дээр авах цалингийн хэмжээ нь нэмэгдэх нь. 

Хоёр. “Хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлогоос НДШ авдгийг болиулах”

2008 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд унаа, хоолны төлбөр, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний хөнгөлөлт, тэдгээртэй адилтгах бусад орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг болж, одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл ажил олгогчоос ажилтанд олгож буй хоол, унааны төлбөр, түлээ, нүүрсний хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого нь ажил олгогчоос ажилтныхаа өдөр тутмын наад захын хэрэгцээ, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, тэдэнд тулгарч буй нийгмийн эрсдэл, санхүүгийн ачааллыг бууруулах, хөнгөвчлөх зорилготой байдаг. Гэвч тэр бүрээс татвар, НДШ авдаг байх нь буруу гэж үзжээ.

Иймд ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон орлогыг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тусгасан байна. Ингэснээр иргэдийн гар дээрээ авах цалингийн хэмжээ нэмэгдэж, хөнгөлөлт, урамшууллаа бүтнээр авах нөхцөл бүрдэнэ. 

-АЖИЛ ОЛГОГЧ АЖИЛЧДАА 7.9 САЯАС ДЭЭШ ТӨГРӨГӨӨР /ХХДХ-Г 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭН ХЭМЖЭЭ/ ЦАЛИНЖУУЛБАЛ ЗӨРҮҮ ДҮНГЭЭС НЬ НДШ-ЭЭС ТӨЛӨХГҮЙ-

Гурав. “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна”

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан. Энэ хязгаар нь даатгуулагч цөөн хэдэн сард хэт өндөр дүнгээр шимтгэл төлснөөр тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хаах зорилготой.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлтөд Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор заасан байна. Ингэснээр ажил олгогчид ажилчдаа өндөр цалингаар цалинжуулахдаа буюу 7.9 сая төгрөгөөс дээш хэмжээний цалингаар цалинжуулахад зөрүүнээс НДШ төлөхгүй байхаар тусгасан байгаа юм. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрийн байдлаар 792 мянга байгаа бөгөөд үүнийг 10 дахин нэмэгдүүлсэн дүн нь 7.9 сая төгрөг байна. Энэ хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл ажил олгогчдын нуруун дээрх ачаа хөнгөрч, ажилчдаа өндөр цалингаар цалинжуулах боломж бүрдэхээр харагдаж байна. 

Улмаар Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд дээрх өөрчлөлтүүдийг оруулснаар сангийн багасах дүн маш бага буюу төсвийн орлогын 0.14 хувь. Маш бага дүн төсвөөс багасах ч нөгөө талдаа олон хүний ажлын байр, бизнесийн орчин илүү таатай болгоно хэмээн хуулийн төслийг боловсруулсан гишүүд хэлж байгаа юм. Улмаар энэ хуулийн төлсийг энэ долоо хоногийн лхагва гарагт байнгын хороогоор, пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна.