О.Тэмүүлэнгийн талаарх гомдлыг шалгах хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд үүнтэй холбоотойгоор Соёлын сайд асан Ч.Номинг шалгаж магадгүй байна

О.Тэмүүлэнгийн талаарх гомдлыг шалгах хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд үүнтэй холбоотойгоор Соёлын сайд асан Ч.Номинг шалгаж магадгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн тансаг бэлэг, нисдэг тэрэг хөлөглөн Булган аймагт байрлах амралтын газрыг түрээслэн гэрлэх санал тавьсан зэрэг мэдээллээс үүдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буугаад байгаа. 

Мөн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж, "Огцрох амархан" жагсаалыг 20 гаруй хоногийн хугацаанд Төв талбайд зохион байгуулсан бол иргэн Ц.Лут-Очир "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан" байдаг. Энэ дагуу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн нь өнгөрсөн тавдугаар сар /2025.05.21/-д АТГ-т тайлбар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл цацагдаж байв. 

Тэгвэл өдгөө тус гомдол мэдээллийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гомдлын хугацааг дахин 30 хоногоор сунган, шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ц.Лут-Очирын гомдол мэдээлэлтэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн нар нь хуулийн байгууллагад холбогдох баримт мэдээллийг гарган өгсөн аж. Мөн тус гомдол мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй зарим байгууллага, хүмүүсээс ч шаардлагатай баримт мэдээллийг татан, шалгаж байгаа юм байна.

Тэгвэл энэ хүрээнд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Ч.Номинг шалгаж магадгүй байна.

Учир нь Засгийн газраас хэрэгжүүлсэн аялал жуулчлалын "Go mongolia" төслийг Соёлын яам хариуцан ажиллаж байсан бөгөөд ингэхдээ тухайн төслөөс О.Тэмүүлэн нарын контент үйлдвэрлэдэг компанид "Ажил өгч" давуу байдал олгосон уу зэргийг нягтлахаар шалгаж магадгүй байгаа юм. 

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хүү О.Тэмүүлэнгийнхээ талаар гарсан мэдээллийн дараа хэвлэлд өгсөн тайлбартаа "Миний хүү бол Херотой хамтран ажиллаж контент хийгээд явж байгаа залуу" гэдгийг тодотгосон байдаг. Нөгөөтээгүүр, Ч.Номингийн толгойлж байсан Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн жилүүдэд "Go mongolia" төслийн хүрээнд олон тэрбум төгрөг зарцуулсан ч энэ талаарх тайлан мэдээлэл "нууц" байсаар ирсэн нь ч үүнтэй холбоотой байж болзошгүй гэх хардлагыг төрүүлдэг.

Тиймээс ч хуулийн байгууллагаас эдгээрийг нягтлах үүднээс О.Тэмүүлэнгийн талаарх гомдол мэдээлэлд Ч.Номин нарыг ч шалгаж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. Харин энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Гомдол мэдээллийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа мэдээллийг нээлттэй өгнө" гэх байр суурийг илэрхийллээ. Ямартай ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлогоо нотлохыг шаардсан иргэний гомдол мэдээллийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд энэ хүрээнд багагүй ажиллагаа хийгдэж байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.