Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа, боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарчмын зөрүүтэй санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, зөвхөн Чингис хааныг бус Их Монгол Улсын дараа дараагийн хаадын үйл хэргийг алдаршуулахад анхаарах, мөн онцгой албан татварын тодорхой хувиар сан байгуулах асуудлыг нягтлах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.
Их Монгол Улс болон Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор дэлхийн 17 улсад байгаагийн 80 нь Тайвань Улсад, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, тав нь АНУ-д, мөн тав нь ХБНГУ-д байгааг нэрлэв. Эдгээрээс болж өгвөл татаж авчрах, болохгүй бол хуулбар хувийг авч, ард иргэддээ таниулж сурталчлах ажлыг хойшлуулалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэнээ Улсын Их Хурлын дарга тайлбарлан, энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт даалгах юм гэлээ.