УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийнх нь гэрт АТГ-аас нэгжлэг хийлээ гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Энэ хэргийн талаар бид АТГ-аас тодруулахад, "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад холбоотой хэргийг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Үүний хүрээнд үйлдвэрчний эвлэлийн эрх бүхий албан тушаалтнууд байгууллагын нэр дээр байдаг газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, худалдан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Энэ хэргийн хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 24-нд нэгэн компани нэр дээр байсан газарт очиж прокурорын зөвшөөрлийн дагуу объектод нэгжлэг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирж, нэгжлэгийн ажиллагаанд саад учруулж, өөрийн цахим хуудсаар шууд дамжуулсан.
Мөн УИХ-ын гишүүний хориглосон хоёр зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ газар нь С.Ганбаатар гишүүний шууд хамааралтай хүний нэр дээр бүртгэлтэй газар биш байсан. 2020 оноос хойш Монголын үйлдвэрчний эвлэлтэй холбоотой 15 гомдол мэдээлэл ирсэн. Одоогоор дөрвөн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв. Гишүүний оршин суудаг газар нэгжлэг хийгээгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд нэгжлэг хийх ямар ч боломжгүй" гэв.
УИХ-ын гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглодог хуультай.