Унаач хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт холбогдуулан уяачид нь нэг жил гурван сарын хорих ял оноов

Унаач хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт холбогдуулан уяачид нь нэг жил гурван сарын хорих ял оноов

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх уралдаанч хүүхэд мориноос унаж нас барсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг гэм буруутайд тооцон ял шийтгэжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-нд уяач Я.Цогбадрах хурдан хээр азаргаа хөлслөхдөө “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММ5:6264-2018 стандарт”-ыг хангалгүй, хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр насанд хүрээгүй хүүхдэд унуулсан аж.

Гэтэл уралдаанч хүүхэд мориноос унаж, чирэгдэн толгойдоо авсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Энэ хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсгийн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Дээрх шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 30- нд эл хэргийг хэлэлцээд уяачид нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, оршуулгын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 205 сая төгрөг гаргуулахаар болжээ. Өмнөговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Я.Цогбадрах, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм. Харин тэд Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эсэхийг хэлэлцэхээр болжээ.