Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч түүнийг өмгөөлөхөөс татгалзаж, шинэ өмгөөлөгч авсантай холбоотойгоор шүүх хурал хойшилж, ТСАХ-г хэвээр үлдээв

Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч түүнийг өмгөөлөхөөс татгалзаж, шинэ өмгөөлөгч авсантай холбоотойгоор шүүх хурал хойшилж, ТСАХ-г хэвээр үлдээв

Анхан шатны шүүхээс 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш албан тушаал дэвшиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт томилогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш нь Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ТОРГОХ ЯЛ СОНССОНООС САРЫН ДАРАА АЛБАН ТУШААЛ АХИЖЭЭ-

Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Отгонбаатар болон Э.Мөнхбаясгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байдаг. 

Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, торгох ял сонссон Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушийг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас нэг сар хүрэхгүй хугацааны дараа буюу өнгөрсөн тавдугаар сард /2025.05.16/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл, соёлын өвийн хэрэгжилтийн газрын дарга, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг юм. 

-Э.ЦЭНД-АЮУШ ШҮҮХ ХУРЛЫН ӨМНӨХ ӨДӨХ ӨМГӨӨЛӨГЧ АВСАН ТУЛ ӨМГӨӨЛӨГЧ НЬ ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙГАА ТАНИЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.06.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хурал хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нар нь давж заалдах шатны шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгч авсан учир өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцах хүсэлт гаргаж, энэ дагуу шүүх хурлыг ирэх долдугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Өмнө нь Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Энхцэцэг нь түүнийг өмгөөлөхөөс татгалзсан тул тэрбээр шинэ өмгөөлөгч авсан аж. Шүүх хурал хойшилсонтой холбоотойгоор шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.