Цахим орчинд тамирчин Г.Чинзориг автозамын зорчих хэсэгт автомашин дээр гарч бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2025.06.27/ цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж буй талаар бид мэдээлсэн.
Уг асуудлын талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг “Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Ч олон нийтийн газар машин дээрээ гарч бие засаж байгаа, мөн бусдын биед халдаж ёс зүйгүй авирлаж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан.
Цагдаагийн байгууллагаас тухайн өдөр нь хэргийг бүртгэлд авч, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байна. Иргэн Г.Ч-г шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаанд баривчилсан. Өнөөдөр холбогдох үндэслэлд тулгуурлан Цагдаа, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа хүргүүлсэн.
Зодуулсан хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тухайн этгээд тамирчин, цол зэрэгтэй байхаас хамаарч хууль чанга сул үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох зүйлчлэлийн дагуу ял шийтгэл оногдуулна” гэв.