Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны 06 сарын 25-ны өдрийн байдлаар судаллаа.
2025 оны 06 сарын 25-ны өдрийн байдлаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 230 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хэргээр буюу 69 хувиар, 222 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь 95 хэргээр буюу 57 хувиар тус тус өссөн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нийт 222 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл 20-30 насны 28.8 хувь, 30-39 насны 44.1 хувь, 40-өөс дээш настай 27.1 хувийг эзэлж байх бөгөөд 96 хувь нь эрэгтэй байна. Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ. Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар, 12.2 хувь нь шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 145 хүнд торгох, 23 хүнд хорих, 20 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 26 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 8 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ. Дээрх 222 хүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хувьд 22 хүнд 1 жил, 3 хүнд 1 жил 6 сар, 102 хүнд 2 жил, 4 хүнд 2 жил 6 сарын хугацаагаар, 91 хүнд 3 жилийн хугацаагаар эрх хасаж шийдвэрлэсэн байна. Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо буурахгүй байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриаллаа.