Хоёр шатны шүүхээс 1.8 жилийн ял шийтгэгдэн 4 сар орчим хоригдсон хүүхдийн хэргийг Дээд шүүх хэлэлцээд, суллах шийдвэр гаргажээ

Хоёр шатны шүүхээс 1.8 жилийн ял шийтгэгдэн 4 сар орчим хоригдсон хүүхдийн хэргийг Дээд шүүх хэлэлцээд, суллах шийдвэр гаргажээ

“Хүнийг алахыг завдсан” завдсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.8 жилийн хорих ял шийтгэгдэн дөрвөн сар орчим хоригдоод байсан өсвөр насны хүүхэд холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцээд зүйлчлэлийг нь өөрчилж, суллах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Б.М гэх өсвөр насны хүүхэд нь сэтгэл санаа нь хүчтэй цочролд орсон үедээ бусдын биед хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу "Хүнийг алахыг завдсан" гэх зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг энэ оны гуравдугаар сард хэлэлцээд түүнд 1.8 жилийн хорих ял оноосон байдаг.

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм.  

Харин өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч нар тус анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсанаар тус хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцсэн байна. Ингээд Улсын Дээд шүүхээс прокуророос шүүгдэгч Б.М-ийг “хүнийг алахыг завдсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ тус тус авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзсэн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж, өсвөр насны шүүгдэгчийг нэн даруй суллах шийдвэрийг гаргажээ.

Товчхондоо, прокуророос хүнийг алахыг задвсан хэмээн зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүхээс тус зүйлчлэлээр 1.8 жилийн хорих ял оноож, улмаар дөрвөн сар орчим хоригдож байсан өсвөр насны хүүхдийн хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцээд зүйлчлэлийг нь өөрчилж, тэнсэн харгалзах ял оноон, шүүгдэгчийг нэн даруй суллах шийдвэрийг гаргасан байна.