Иргэн Ц нь бага насны буюу 5 настай төрсөн хүүгээ “өмдөндөө шээсэн” гэх шалтгаанаар түүний толгой, нүд рүү нь гараараа цохиж, хөнгөн хохирол учруулсан байна.
Анхан, давж заалдах шатны шүүх Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн ба шүүгдэгч уг ялыг торгох ялаар солиулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Хүүхдийн бие бялдар, оюун ухаан нь гүйцэд төлөвшөөгүйн улмаас насанд хүрсэн хүнтэй харьцуулахад өөрийн хийсэн үйлдэл, хэлсэн үгийнхээ учир холбогдлыг ойлгох чадвар хомс, үзэл бодлоо илэрхийлэх боломж, өөрийгөө хамгаалах чадвар, илэрхийлэмж дутмаг, эмзэг, мэдрэмтгий байдаг онцлогтой.
Иймээс хүүхэд төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт шаардлагатай байдаг бөгөөд аливаа зүй бус, хариуцлагагүй үйлдэлд нь насанд хүрсэн хүнтэй адилтган, ижил түвшинд хариуцлага хүлээлгэх болон хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх явдлыг хориглодог.
Монгол Улсын Үндсэн хуульд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн Конвенц болон Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхэд аливаа бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллээс ангид байж, хамгаалалт хүсэх, авах, өөрийнх нь эрхэм дээд ашиг сонирхлыг хангахуйц, аюулгүй орчинд амьдрах эрхтэй юм.
Шүүгдэгчийн хүүхэдтэйгээ зүй бусаар харьцан толгой, нүд хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь гэр бүлийн харилцаанд, ялангуяа бага насны хүүхэдтэй харилцахад баримтлах наад захын хэм хэмжээнд харшилсан, үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл болно.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Ц-ийн энэхүү үйлдэлд нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон урьд өмнө бага насны хүүхдээ мөн зодож байсан зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж хяналтын шатны шүүх дүгнэж, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгон, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.