Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Америкийн Засгийн газар 50 мянга гаруй иргэнээ гадаадаас нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн даргын консулын асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогчийн туслах Иэн Браунли лхагва гарагт тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Манай дипломат төлөөлөгчийн газрууд нутаг буцахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг Америкийн 50 мянга гаруй иргэнээс хүлээж авсан. Бид аль болох олон хүнийг эх орондоо эргэж ирэхэд нь тусална” гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч батлан хэлсэн байна.
Түүний өгсөн мэдээллээр, АНУ-ын эрх баригчид Гаити, Гана, Гватемал, Кейп Верде, Украин зэрэг 28 орчим улсаас 9000 гаруй иргэнээ "эх оронд нь авчирчээ". Мөн ирэх есөн хоногийн хугацаанд бусад улсаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр дахин 66 нислэг зохион байгуулах төлөвлөж байна гэж Браунли хэлжээ
Гадаадын улс орнуудад Америкийн 58 дипломат ажилтан халдвар авсан болохыг тус улсын Төрийн департаментын Эрүүл мэндийн товчооны гүйцэтгэх захирал Уильям Уолтерс мэдээлсэн байна. Үүнээс гадна, АНУ-ын таван хотод ажилладаг Төрийн департаментын 16 ажилтнаас коронавирус илэрчээ. Тус байгууллагын нийтдээ 75 мянга орчим ажилтан гадаадад ажилладаг байна.