“Аархал” дуугаар алдаршсан бяцхан “булдруу” А.Өсөх-Ирээдүй хүүгийн гэрээр зочиллоо

“Аархал” дуугаар алдаршсан бяцхан “булдруу” А.Өсөх-Ирээдүй хүүгийн гэрээр зочиллоо

Дэлхий нийтийг коронавирусийн халдвар цочроон, хөл хорионд “уягдсан”  түгшүүрт цаг үе тохиож буй ч эгэл Монгол малчны хотонд юу ч болоогүй мэт төлийн цовоо дуу цангинан энх цагийг тосон байгаа нь эх нутгийн амар тайвныг эрхгүй бахдуулна...Бид Увс аймагт хаваржилт хүнд байгаа сургаар нөхцөл байдалтай танилцахаар эх орны баруун хязгаарыг зорьсон юм.

Энэ сарын 23-аас Увс аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж,  хаваржилт хүндэрсэн байлаа. Зарим нутагт өвдөгнөөс дээш цас орж, мал бэлчихэд хүндрэлтэй болсон тул нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хуваарилах ажлыг зохион байгуулж байв. Харин одоо байдал харьцангүй тогтворжиж, мал төллөлт хэвийн үргэлжилж байна. Бид Увс нуурын ойролцоо “Нуурын хөвөө”-нд хаваржиж буй хэсэг айлаар зочлохдоо санамсаргүй ч гэмээр, азтай ч гэмээр тохиолоор “Аархал” дуугаар алдаршиж, "булдруу” нэрээрээ танигдсан А.Өсөх-Ирээдүй хүүгийн гэрээр зочилсон юм.

Бяцхан “булдруу” одоо том залуу болж, мал төллөлтийн их ажилд чамгүй үүрэг гүйцэтгэх болжээ. А.Өсөх-Ирээдүй хүү арван настай, дөрөвдүгээр анги. Увс аймгийн төв Улаангом сумын Ахлах гуравдугаар сургуульд сурдаг. Том хүнээс дутахааргүй завгүй өрнөх түүний нэг өдөр өглөө 8 цагаас үхрээ бэлчээрт гаргахаас эхэлдэг бөгөөд орой үхэр саах ажилд тусалснаар дуусдаг. Түүнийг морио услахаар явахын өмнө бид хэсэгхэн яриаг өрнүүлж амжлаа.

-ЗУРАГТААР АНГИЙН МААНЬ БАГШ БИШ, ӨӨР БАГШ ХИЧЭЭЛ ЗААХААР
ЭХЭНДЭЭ ДАСАХГҮЙ ЭВГҮЙ БАЙСАН
-

-Сайхан хаваржиж байна уу. Өсөхөө хүү анх “Аархал” дууг тун чадамгай дуулж, олон хүнд танигдаж байсан шүү дээ. Анх дуулж байгаа бичлэг цацагдахад хэдэн настай байсан юм бэ?

-Сайхан хаваржиж байна. Баярлалаа. Би гурван настайгаасаа дуулж эхэлсэн. “Аархал” дууг дуулсан бичлэг цацагдах үед гурван настай байсан. Одоо арван настай, дөрөвдүгээр ангид сурдаг.

-Хөл хорио тогтоод хичээл удаан хугацаагаар орохгүй байгаа шүү дээ. Теле хичээл үзэх ямар байна?

-Теле хичээлээ зурагтынхаа өмнө ширээгээ тавиад л хуваарийн дагүу хийж байгаа. Манайх хөдөө байдаг ч зурагттай бас интернет ордог. Хөдөө гэртээ малаа хариулаад хичээлээ үзэх сайхан байгаа ч удаан хугацаагаар орохгүй болохоор маш, сонин эвгүй санагдаж байгаа.

-Юун нь эвгүй санагдаж байна?

-Сургуулиа, найзуудаа, багш нараа санаж байна. Бас би урьд нь ерөөсөө ийм теле хичээл үзэж байгаагүй. Зурагтаар ангийн маань багш биш, өөр багш хичээл заахаар эхэндээ дасахгүй эвгүй байсан.

-БИ ЧИНЬ ХӨДӨӨ НУТАГТ ТӨРЖ ӨССӨН, ХӨДӨӨ НУТГИЙН ХҮҮ ШҮҮ ДЭЭ-

-Аль хичээлд хамгийн их дуртай вэ?

-Монгол хэлний хичээлд дуртай. Гоё, гоё шүлэг цээжлээд, сонирхолтой зүйлс их уншдаг. Бас багш маань үнэхээр чадварлаг, мундаг багш байдаг.

-Улаангомд хаана амьдардаг вэ. Гэрээсээ хол байхаар ээж, ааваа санадаг уу?

-Улаангомд өвөөгийндөө байдаг. Амралтаараа гэртээ харьдаг болохоор нэг их санадаггүй. Би чинь хөдөө нутагт төрж өссөн, хөдөө нутгийн хүү шүү дээ. Тийм болохоор хөдөө нутгаа хааяа санана, хөөрхөн ишигнүүдээ санана, морь унамаар санагдана.

-Хөдөө амьдрахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Хөдөө амьдрахын хамгийн сайхан нь цэвэр агаарт, цэлгэр уудам тал газарт малаа хариулж, төллөлүүлэхээс эхлээд үнэхээр гоё байдаг. Бас эрх дураараа, элдэв машин байхгүй, цагаан идээгээр эрүүл хооллоод тайван амгалан байдаг. Бас зун хурдан мориор давхих нь хамгийн сайхан.

-Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Өглөө найман цагт босон, гар нүүрээ угаагаад үхрээ бэлчээрт нь гаргадаг. Тэгээд аргал түүгээд, хээлтэй ямаануудаа өвсөнд оруулна. Үд хавиар эгч, ахтайгаа шагай тоглоно. Теле хичээлээ хуваарийн дагуу хийнэ. Орой ишигээ эхэд нь тавьж өгөөд хээлтэй ямаануудаа хашаанаас нь гаргана. Ээж маань хоол хийнэ, эгч маань гэрээ цэвэрлэнэ. Ээж, эгчдээ тусалчхаад орой бүгдээрээ үхрийн ажилдаа гардаг. Үхрээ сааж, хонь ямаагаа оруулаад орой 9 цаг орчимд унтдаг. Хааяа морь услахаар явдаг. Өдрийг их зугаатай, завгүй өнгөрөөдөг.

-Малд явах, гэрийн ажил хийхээс залхуурах үе гардаг уу?

-Тийм үе гардаггүй. Уйдах завгүй, залхуурах завгүй зугаатай өнгөрдөг дөө.

-Өдөр тутам хийдэг зүйлүүдээс чинь хамгийн зугаатай, хийх дуртай ямар ажил байдаг вэ?

-Ишиг малаа эхэд нь тавьж өгөх. Ишиг үнэхээр хөөрхөн, өхөөрдөм амьтан. Бас эх рүүгээ наадан гүйж байгааг нь сүүгээ уугаад тоглож байгааг нь харах дуртай.

-Эгч чинь бас их гоё дуулдаг шүү дээ. Бас хамаатан дунд ч алдартай дуучин байдаг гэж дуулсан. Танайхаас хэн хамгийн гоё дуулдаг вэ?

-Аав маань мөн ч гоё дуулдаг даа. Аавынхаа дуулж байгааг сонсох үнэхээр дуртай. Манай ах бас дуулдаг.

-МУНДАГ ЭМЧ БОЛООД ОЛОН ХҮНД ТУСЛАХЫГ ХҮСДЭГ-

-Хамгийн анх ямар дуу дуулж сурч байв даа. Зохиолын дуунаас өөр төрлийн дуунд дуртай юу?

-Би хамгийн анх “Аархал” дууг дуулж сурч байсан. Бүтнээр нь мэддэг. Бас дуучин Төрмандах ахтай хамт дуулсан болохоор үнэхээр гоё байсан. Зохиолын дуунаас гадна ер нь бүх төрлийн дуунд дуртай. Ардын, зохиолын, уянгын, хайрын, хип хоп гээд л. Бас бүх төрлийн дуу дуулж чадна.  Би “аниме” үзэх их дуртай л даа. “One Piece”, “Наруто”  үзэх үнэхээр дуртай. Дуунд нь бүүр дуртай. Надад маш их таалагддаг.

-Хайрын тухай дуу гэхээр ямар дуунд хамгийн их дуртай вэ?

Миний хамгийн сонсох дуртай хайрын тухай дуу бол “Чи минь байгаа болохоор”, “Нүдэн сондор” киноны дуу. Ая нь их гоё санагддаг.

-Том болоод ямар хүн болохыг мөрөөддөг вэ?

-Би том болоод эмч болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл эмч өвдөж, зовж буй хүмүүст тусалдаг шүү дээ. Бас ээжийгээ хөгшрөх үед эмчилж, эрүүл байлгахыг хүсдэг. Мундаг эмч болоод олон хүнд туслахыг хүсдэг.

“Теле хичээл хийх хэцүү биш байгаа”, “Өдрийг уйдах завгүй өнгөрөөдөг”, “Мал хариулж, төл хүлээн авах ерөөсөө хэцүү биш, харин ч зугаатай” хэмээн хээв нэг хариулах хэвлүүхэн хүүтэй ийн ярилцлаа. Нуураараа овоглон, нутгаараа гангардаг Увс аймгийн нэгэн малчны хотонд бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй теле хичээлээ хийн, малаа ч хариулан, аав, ээж, ах эгчдээ туслан өдрийг уйдах завгүй өнгөрөөж байна.