Тагнуулын хурандаа Татварын хэлтсийн даргыг зодож, гэмтээсэн хэргийг шалгаж эхэлжээ

Тагнуулын хурандаа Татварын хэлтсийн даргыг зодож, гэмтээсэн хэргийг шалгаж эхэлжээ

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх онцгой дэглэмийн хүрээнд манай улс хөл хорио тогтоогоод хоёр сар гаруй болж байна. Харин энэ үеэр иргэдийн нийлж архидах үйлдэл тасрахгүй байгаа бололтой. 

Тухайлбал, Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа н.Давааням, н.Төгс-Очир, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын татварын тасгийн дарга Ч.Ганбаатар нар энэ сарын 18 ны өдөр нэгэн рестораны тусгай өрөөнд “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэсэн бололтой. Энэ үеэрээ н.Давааням, Ч.Ганбаатар нар маргалдаж, улмаар н.Давааням Ч.Ганбаатарын толгойн тус газарт шар айрагны аягаар болон архины шилээр цохиж буй дүрс бичлэг үлджээ. 

Уг зодооноос болж Ч.Ганбаатар толгойдоо хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэгдсэн, ингээд тус эмнэлэгт эмчлүүлж байгаа саяхан гарсан гэх мэдээлэл байна. 

Тэгвэл тус хэргийн Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр “Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага ирсэн бол бүртгэгдэж үлддэг. Эсвэл иргэн гомдол гаргасан үед шалгаж эхэлдэг. Энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээлэх явдал байна” гэжээ. Түүний тодруулгаас үзвэл Тагнуулын хурандаагийн холбогдсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бололтой.