Г.Эрдэнэчимэг: Тохьтой, дулаан гэртээ зургаан охиныхоо хамт сайхан өвөлжлөө

Г.Эрдэнэчимэг: Тохьтой, дулаан гэртээ зургаан охиныхоо хамт сайхан өвөлжлөө

Өнгөрсөн арваннэгдүгээр сар... өвлийн ид хүйтэн... Нар шингэж, бүрэнхий болохтой зэрэгцэн Улиастайн хуучин эцэс орчмын харанхуй гудманд нэг гараараа нялх хүүхдээ энгэртээ тэвэрч, нөгөө гараараа усны тэргээ татан бусад дөрвөн охиноороо түрүүлж яваа Г.Эрдэнэчимэг эгчийн бичлэг сошиол орчинд олон хүний хайрыг татсан. Тухайн өдөр Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн багш, оюутнууд Улиастайд ажлаар явж байгаад Г.Эрдэнэчимэг эгчийг охидынхоо хамтаар ус авч явахтай таарч бичлэг хийн цахим сүлжээнд байрлуулсан нь олны анхаарлыг татан улмаар хандивын аян өрнөхөд хүргэсэн юм.

Бага насны зургаан хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон Г.Эрдэнэчимэг эгчид туслах хандивын аяныг Дотоодын хэргийн их сургуулийн хамт олон маш сайн зохион байгуулалттайгаар явуулсны  үр дүнд шинэ хашаа, тохь тухтай гэр оронтой болгосон билээ.

Хамгийн гайхалтай нь Г.Эрдэнэчимэг эгчийг ажилд оруулж, орлого олох боломжийг нь нээж өгсөн юм. Хандивын аян нийт 10 хоногийн хугацаанд үргэлжилж сайхан сэтгэлт түмэн олны зүгээс бэлэн мөнгө болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тэгвэл олны сэтгэлийг хөдөлгөсөн энэхүү үйл явдлын эзэд болох зургаан охинтой Г.Эрдэнэчимэгийнх гэдэг айл одоо хэрхэн аж төрж буйг сонирхохоор бид гэрт нь зочиллоо.

-ОРЧИН ҮЕИЙН ХАЛААЛТЫН СИСТЕМТЭЙ ГЭРТ ДУЛААН ӨВӨЛЖЖЭЭ-

Эргэн тойрны айлаас содон, хоточ банхарын зурагтай хашааны хаалгыг том охид нь инээлдсээр бидэнд нээж өгөв. Хашаан дотор өргөө цагаан гэрээс нь гадна хүүхдийн тоглоомын талбай, нүүрсний амбаар, гаднаасаа маш цэвэрхэн харагдах жорлон, сагсны талбай зэрэг харагдана. Дотоод хэргийн их сургуулийн багш, оюутнууд шөнө, орой ашиглах гэрэлийг хашан  дотор байрлуулахаа мартаагүй байна. Тус сургуулийн оюутнууд өвлийн ид хүйтэнд маш их хөдөлмөр, зүтгэж гаргаж шонгийн модны нүх ухан энэ хашааг босгож, жорлонг мөн барьж өгсөн билээ.

Энэхүү хашааны газрыг Баянзүрх дүүргийн газрын албанаас өгсөн бөгөөд яг зэргэлдээ Г.Эрдэнэчимэг эгчийн аав болон эгчийнх нь хөрш болон амьдардаг. Биднийг гэрт ороход дулаахан, тухтай, цэвэр цэмцгэр орчин угтав. Г.Эрдэнэчимэг эгч биднийг угтаж амрыг мэдээд “Олон түмнийхээ буянаар тухтай сайхан гэр оронтой болж энэ өвлийг өнөтэй давсан” хэмээн ярилаа.

Тэрбээр “Гэрийн ханыг дагуулаад тогоор ажилладаг халаалтын систем суурилуулж  өгсөн. Үүнийгээ шөнө асаачихна. Өдөр шинэ түлшинд зориулсан зуухандаа галаа түлнэ. Энэ өвөл даарч хөрсөнгүй. Тэр хэрээр хүүхдүүд өвдсөнгүй” гэсэн юм.

Том охин 17 настай, бага нь ирэх сард нэг ой хүрнэ. Багаас нь бусад нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан. Одоогоор сургууль, цэцэрлэг амарчихсан учраас ээжийгээ ажилтайд эгч нар нь хамгийн багыгаа харж хандаж байгаа аж. Дөрвөн настай Т охин дүүгээ тэвэрч чаддаг болсон бас даам тоглож сурснаа бидэнд гайхуулж ярьж байв. Ээж нь хайраар дутаалгүй өсгөж байгааг охидын нүүрэнд тодрох инээмсэглэлээс мэдэрч суулаа. Ингээд бид түүнтэй шинэ ажил, амьдралынх нь талаар ярилцлаа.

-ДХИС-ИЙНХАН МААНЬ НАМАЙГ БҮХИЙ Л БОЛОМЖООР ДЭМЖДЭГ-

-Та сайхан өвөлжив үү.  Танай гэр бүлийнхэн бүгд сайн биз дээ?

 -Сайхан өвөлжлөө. Олныхоо хүчинд өөрийн гэртэй болж түүндээ амьдралын амтыг мэдэрч байна. Халаалттай учраас өвөл хүүхдүүд даарч өвчилсөнгүй. Хүмүүсийн өгсөн түлш ч хангалттай хүрэлцээтэй байлаа. ДХИС-ийн залуус эко бие засах газар хийж өгсөн нь хүүхдүүдэд маань их хэрэг болсон.

-Та ДХИС-т ажилд орсон гэсэн. Шинэ ажлынхаа тухай бидэнд яриач?  

-Би ДХИС-ийн цайны газарт ажиллаж байна. Нэг өдөр ажиллаад, нэг өдөр амардаг. Нэгдүгээр сараас ажилдаа орсон. Ажлын хамт олон маань их уриалгахан хүлээн авч, үргэлж тусалж дэмжиж байгаа. Их сайхан хамт олон. Бүгд хамтраад ажлаа хийдэг. Намайг жаахан хүүхэдтэй гээд эрт явуулдаг. Охин хүүхдүүд том болох тусам тусад ордог. Ажилтай үед эгч нар нь дүү нараа түвэггүйхэн харчихаж байгаа. Хамт олон маань намайг бүхий л бололцоогоор дэмждэг.

-Сургууль, цэцэрлэг орохоор бага охиноо хэнд харуулах вэ?

-Манай гурван охин сургуульд сурдаг. Одоо бол дүү нараа хараад, теле хичээлээ үзээд байгаа учир надад амар л байна. Харин хичээл, сургууль орох үед яах вэ гэж бодох л юм.  Ажлын ачаалал эрс ихсэх байх. Гэхдээ аавынхаа хажууд учраас дэмтэй байна. Гадуур гаралгүй гэртээ л байна.

-Өмнө нь та түрээсийн байраар амьдарч байгаад бага охиноо гэдсэнд байхад нь энд аавындаа ирсэншүү дээ. Одоо өөрийн гэсэн гэр оронтой болж түүндээ хүүхдүүдтэйгээ бужигнаад байх сайхан байна уу?

-Маш сайхан байна. Хүмүүс надад тусалж миний амьдралыг өөрчилсөнд маш их баярладаг. Өөрийнхөө гэрт тухтай амьдарч байна. Өмнө нь цалинтай ээжийн 50 мянган төгрөг, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг байсан бол одоо цалинтай боллоо. Түүгээрээ хүүхдүүдийнхээ дуртай зүйлийг авч өгч чаддаг боллоо.  Өөрийн гэсэн гэр орон, орлоготой болсон.

Ямартай ч Г.Эрдэнэчимэг эгчийнх тухтай  сайхан хаваржиж, хүүхдүүд нь ээжийнхээ халуун хайранд амьдарч байгааг харахад сайхан билээ.

Эцэст нь Г.Эрдэнчимэг эгчийн хэлсэн “Хүүхдүүд маань том болгоод намайг газар гишгүүлэхгүй байх. Бид нарын авсан мөнга хаанаа ч хүрэхгүй, хувцас ч авч чаддаггүй байсан. Гэхдээ энэ бол зовлон биш. Хамгийн гол нь эрүүл, энх өсөх нь л чухал. Би зургаан охинтой азтай хүн.  Шантарч үзээгүй” гэж хэлсэн үгээр сурвалжилгаа өндөрлөе. 

М.ТЭРГЭЛ