БНХАУ-ын Шанхай хотын томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүд шат дараатайгаар хэвийн үйл ажиллагаандаа орж, жижиг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хэсэгчлэн ажиллаж эхлээд байна. Ухань хотын метроны зургаан чиглэлийг гуравдугаар сарын 28-ны өдрөөс нээсэн бөгөөд зорчигчид QR кодоо уншуулан халуунаа шалгуулан үйлчлүүлж байгаа юм.
Мөн зарим сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх талаар хэлэлцэж эхэлжээ. Бээжин хотын Боловсролын газраас анхан болон дунд шатны сургуулийн хаврын улирлын цахим хичээл энэ сарын 13-ны өдрөөс эхэлнэ хэмээн мэдэгдсэн. ӨМӨЗО-ы дунд сургуулийн сурагчдын хичээл гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бүх дунд сургууль халдваргүйжүүлэлт, ариутгал, агааржуулалтыг тогтмол хийж, ажиглалтын өрөөнүүд бэлтгэсэн аж.
Тус улсад халдвар намжиж эхэлсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа. Хятадын нэгдүгээр улирлын эдийн засгийн статистик тоон мэдээлэл энэ долоо хоногийн сүүлчээр гарч эхэлнэ. Өнөөдрийн байдлаар тус улсын бизнес эрхлэгчдийн дунд явуулдаг судалгааны дүн болох Худалдан авагч менежерүүдийн индексийн гуравдугаар сарын дүн гарсан байдалтай байна.
Хятад улсын хэд хэдэн хотод хөл хориог цуцалж, Ухань хотод нийтийн тээврийн үйлчилгээ эхлэн, зарим хот хоорондын нислэг сэргэж эхэлж байгаа зэрэг нааштай мэдээллүүд нь бизнесийн идэвхижил сэргэнэ гэсэн таамаглалыг төрүүлж байна.