Дэлхийн 200 гаруй оронд тархаж, олон мянган хүний аминд хүрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга нь нүүрэндээ гараа хүрэхгүй байх. Гэвч бид өдөр тутам, цаг минут бүрт нүүрэндээ ямар нэгэн байдлаар хүрсээр байдаг.
Судалгаагаанаас үзэхэд арван хүн тутмын долоо нь эрүү, ам, хамар, нүдний эргэн тойрондоо өөрийн мэдэлгүй гараа тогтмол хүргэдэг зуршилтай байдаг аж.
2015 онд Австралид анагаах ухааны оюутнуудын зан төлөвт нэгэн сонирхолтой дүн шинжилгээ хийжээ. Судалгааг Сиднейн Хойд Өмнөд Уэльсийн их сургуулийн халдвар судлалын мэргэжилтэнүүд хэсэг оюутнуудад хийхэд оюутан тус бүр цагт дунджаар 23 удаа нүүрэндээ хүрч байгааг тогтоосон байна. Анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд бусадтай харьцуулахад эрсдлийг илүү сайн мэддэг байх ёстой гэдгийг харгалзан үзэхэд энэ нь маш сэтгэл зовоосон үр дүн юм.
Тэгвэл хүмүүс яагаад энэ зан үйлийг хийдэг, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
- ХБНГУ-ын Лейпцигийн их сургуулийн сэтгэл судлаач Мартин Грунвальд өөртөө хүрэхийг "бидний зүйлийн үндсэн зан байдал" гэж тодорхойлжээ. Тэрээр "Өөртөө хүрэх нь өөрөө өөрийгөө зохицуулах хөдөлгөөнүүд юм. Энэ үйл нь нь ихэвчлэн бусадтай харилцахад зориулагдаагүй маш бага эс бөгөөс ямар ч зорилгогүй хийдэг" гэжээ. Энэ нь ихэвчлэн танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн үйл явцад гол үүрэг гүйцэтгэдэг ба бүх хүмүүст тохиолддог зүйл гэж үзсэн байна.
- Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Дэрчер Келтнер нүүрэндээ хүрэх нь өөрийгөө тайвшруулах нэг төрлийн арга байж болох юм гэж үзжээ. Зарим судалгаагаар арьсандаа хүрэх нь окситоцин даавар ялгаруулахад хүргэдэг бөгөөд энэ нь тайвширч, стрессийг бууруулахад тусалдаг аж.
- Бусад шинжээчид өөртөө хүрэх нь бидний сэтгэл хөдлөл, анхаарлыг хянах чадвартай гэж үздэг.
Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?
- Зарим эрүүл мэндийн шинжээчдийн хувьд маск зүүх нь өөрийгөө хамгаалах нэгэн арга болохыг санал болгож байна. Учир нь эмнэлгийн маск нь вирусийг бүр мөсөн зогсоох чадваргүй ч хүнийг хамар, амандаа хүрэхэд саад болдог учир нүүрэндээ хүрэхээс сэргийлдэг байна.
- Колумбийн их сургуулийн зан үйл судлаач Майкл Холлсворт хэлэхдээ "Хэрэв загатнах зэрэг бие махбодийн хэрэгцээ байгаа бол бид орлуулах зан чанарыг бий болгож чадна. Гарны ар талыг ашигла. Хамгийн тохиромжтой шийдэл биш байсан ч эрсдлийг бууруулна” гэжээ. Мөн тухайн нөхцөл байдалд яагаад нүүрэндээ хүрч байгааг олж мэдэхийг хичээхийг зөвлөжээ. Жишээ нь нүдэндээ хүрч байгаа хүмүүс нарны шил зүүж болно.
- Өөртөө нүүрэндээ хүрэхгүй байхыг сануулсан тэмдэглэл наах нь бас тустай хэмээн судлаачид хэлжээ.
- Мөн гараа завгүй байлгах аргуудыг бодож олж болно. Жишээлбэл эрхий хуруугаа ачаалалахын тулд “стресс бөмбөлөгүүд” базах гэх мэт. Гэхдээ тухайн хүрч байгаа зүйлсийн гадаргуу нь цэвэрхэн байхад анхаарах хэрэгтэй.
- Бээлий өмсөх нь бага зэргээр хамгаалж чадах ч вирусийн халдварыг зогсоож чадахгүй.
Хамгийн хичээнгүй хүмүүст ч нүүрэндээ гараа хүргэхгүй байх нь хэцүү байдаг аж. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гараа тогтмол угааж, гар барих зэргээс зайлсхийхийг зөвлөж байна.
М.Тэргэл
Эх сурвалж: BBC