BBC: Цаг агаар дулаарвал коронавирусийн халдвар намжих уу

BBC: Цаг агаар дулаарвал коронавирусийн халдвар намжих уу

Сүүлийн үед иргэдийн дунд дэлхий дахиныг хөл хорионд оруулж, айдаст автуулаад буй коронавирусийн халдварын тархалт цаг агаар дулаарахад намжина гэсэн ойлголт үүсээд байна. Тэгвэл энэ талаар BBC агентлагт нэгэн нийтлэл гарчээ.

Тодруулбал цаг агаар, уур амьсгалаас хамааралтай эсэх талаар олон орны эрдэмтэн, судлаачид таамаглал дэвшүүлж, маргалдсаар байгаа. Зарим судлаачид коронавирусийн халдвар цаг агаар дулаан, чийгшил сайтай орнуудад илүү хурдацтай тархаж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа бол эсрэгээрээ зарим нь хүйтэн, сэрүүн уур амьсгал нь халдвар тархах таатай нөхцөл болж байна хэмээн үзжээ. Гэвч олон улсын томоохон судалгааны багууд коронавирус хүйтэн, сэрүүн уур амьсгалтай орнуудад илүү тархаж байна гэдэг нэгдсэн дүгнэлтийг хийх болжээ.

Хүйтэн сэрүүн бүс нутагт тархалт элбэг байна гэж үзэж буй судлаачид энэ гуравдугаар сарын нөхцөл байдлыг харгалзан дүгнэжээ. Нэг, хоёрдугаар сард халдвар бүртгэгдээгүй орнуудад одоо халдвар голомтлон тархаж буй нь гуравдугаар сарын 10-ны байдлаар олон жилийн дунджаас сэрүүн уур амьсгалтай байсан нь нөлөөлсөн гэв.

Мөн Канадын Их сургуулийн судлаачид Хятадын 40-өөс дээш тохиолдол бүртгэгдсэн 100 гаруй хот, мужуудад судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд халдварын хамгийн бага тохиолдол бүртгэгдсэн хотууд халдвар олноор тархсан мужуудаас илүү дулаан, чийгшилтэй байжээ. Үүнтэй санал нэг байгаа Лондонгийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар коронавирус хүйтэн уур амьсгалтай орнуудад илүү хурдан тархаж байгаа, энэ нь ердийн ханиад томууны вирус хүйтний улиралд идэвхэждэгтэй холбоотой гэжээ.

Тэгвэл үүний эсрэг судалгааг Америкийн хэд хэдэн судалгааны байгууллагууд, Global Virus Network вирус судлалын төв өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн байдаг. Тэд халдвар тархаж буй 100 гаруй орны цаг агаар, уур амьсгалыг судлан дүгнэлт хийсэн байна.

Судалгаагаар коронавирус дэлхийн бөмбөрцгийн 30-50N координатын орнуудад илүү тархаж байгаа бөгөөд тус улсуудын цаг агаар сүүлийн хоёр сарын турш 5-11+ хэмийн дулаан, 47-79 хувийн чийгшилтэй байжээ.

Одоо эрдэмтдийн дунд үүсээд байгаа хамгийн том маргаан нь коронавирусийн халдвар цаг агаар дулаарахад намжих уу? гэсэн асуудал юм. Лондонгийн их сургуулийн судалгааны ахлагч Эллен Фрагасзи “Хэдий цаг агаараас тархалтын байдлыг тодорхойлж болох ч дэлхийн бараг бүх оронд тархсан учраас зун намжина гээд тайвширч болохгүй” гэжээ.

Ихэнх улс орнуудад гаднын орноос халдвар дамжин ирэх нь түгээмэл байгаа тул тархалтыг уур амьсгалын нөхцөл байдалтай хамааруулан дүгнэхэд учир дутагдалтай юм. Эрдэмтдийн судалгаануудаас харахад энэ нь оргүй хоосон зүйл биш хэдийн ч уур амьсгал гэхээс илүүтэй хотжилт, хүн амын нягтаршил, тухайн улсад авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнээс ихээхэн хамаарна. Мөн үүнийг бүрэн тогтоохын тулд улс орнуудын бүтэн жилийн цаг агаарын нэгдсэн дүгнэлт шаардлагатай болно. Гэтэл халдвар тархаад гурван сар өнгөрч байгаа тул үүнийг цаг агаар дулаарахад халдвар намжина хэмээн дүгнэх боломжгүй юм. Иймээс дулааны улирал эхэлсэнтэй холбоотой сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: BBC