Ховордсон халиун буга зуслангийн айлын хашаан дээгүүр гарах гэж оролдоод үрэгджээ

Ховордсон халиун буга зуслангийн айлын хашаан дээгүүр гарах гэж оролдоод үрэгджээ

Нийслэлийн байгаль орчны газрынхан СХД-ийн  XVII хорооны нутаг дэвсгэрт Найрамдал зуслангийн ойролцоо барьсан хашаан дээр харайх гэж байгаад гэмтэж, торлогдсон халиун бугыг олж гарган авчээ. Гэсэн ч бие маш гүн зүсэгдсэн байсан болохоор шархаа даалгүй хорогдсон байна. 

Он гарснаас хойш суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн долоон дуудлага бүртгэгдсэн тухай нийслэлийн Байгаль орчны газар мэдээлсэн. Үүнээс зуслангийн хашаанд орооцолдон яаж ч чадахаа больсон, эсвэл амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Зэрлэг амьтны тархац нутаг багассанаас үүдэн нийслэлийн суурьшлын бүсийн айлуудын хашаанд өмхий хүрэн, буга, могой, дорго зэрэг амьтан орж ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсчээ.

Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд гэмтсэн, бэртсэн, мөн идэш тэжээл хайж, суурьшлын бүсэд орж ирсэн 43 амьтны дуудлагыг хүлээж авсан. Он гарсаар  зуслангийн бүсэд замбараагүй баригдсан  хашаанд амьтан сүлбэгдэх мөн хавчуулагдсан дөрвөн тохиолдол гарсан. Хашаан дээр харайх гэж байгаад гэмтэж, торлогдсон халиун бугыг гаргаж аван, амьтан асрах байрандаа хүргээд шаардлагатай эмчилгээ асаргааг хийсэн боловч, бие нь маш гүн зүсэгдсэн байсан болохоор шархаа даалгүй хорогдсон. Халиун буга нь Засгийн газраас баталсан ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Бусад гурван тохиолдол нь бор гөрөөс байгаа. Зуслангийн бүс тэлэгдэх хэрээр зэрлэг амьтны амьдрах бүс хумигдаж байгаа.” гэж хэллээ.

-ЗУСЛАНГИЙН ХАШААГАА ЗЭРЛЭГ АМЬТДАД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР ШИЙДВЭРЛЭХ СТАНДАРТ ХЭРЭГТЭЙ-

Манайд зуслангийн айлуудын тоо жилээс жилд нэмэгдэн, өдгөө 50 мянгад хүрч, Улаанбаатарын гэр хороололтой хэдийнэ хаяа залгасан. Хэтэрхий шигүү суурьшсан зуслангийн бүсэд амьтан битгий хэл хүн чөлөөтэй орох, гарах нөхцөл багассан төдийгүй булаг, шандыг нь ч хашаалсан зуслангийн иргэд цөөнгүй байна. Хашаа хайсаа стандартын дагуу барьчихвал ан амтьдын тоо толгой цөөрөхөөс сэргийлнэ. Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандарт босоо, шугаман, сараалж төмөр хоорндын зай 110мм, өндөр 1.6-2.0 метр, тулгуур хоорондын зай нь 2.5 м ногоон өнгөтэй байх ёстой аж.