Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХУР ТУНАДАС орох төлөвтэй байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХУР ТУНАДАС орох төлөвтэй байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд  төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.