Тамирчид эд зүйлсээ худалдаж, эмнэлгүүдэд хандив цуглуулж эхэлжээ

Тамирчид эд зүйлсээ худалдаж, эмнэлгүүдэд хандив цуглуулж эхэлжээ

Францын шигшээ болон “Нант” багийн гандболч Сирил Дюмулан эд зүйлээ дуудлага худалдаагаар зарж, эмнэлгүүдэд хандивласнаас хойш спортын одод түүний жишгийг дагаж эхэлжээ. Тэд дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд өмсөж байсан өмсгөлөөс эхлээд гарын үсэгтэй цамц, унадаг дугуй хүртэл зарж байна. Ямар, ямар спортын одууд энэхүү аянд нэгдсэнийг хүргэе.

 Федерика Пеллегрини-2008 оны олимпод түрүүлэхдээ зүүж байсан нүдний шил

Усанд сэлэлтийн төрлөөр “Бээжин 2008” олимпод түрүүлсэн Федерика Пеллегрини 59 эд зүйлсээ дуудлага худалдаанд тавьжээ. Тэдгээрийн дотор 2008 оны олимпод түрүүлэхдээ болон 2009 оны ДАШТ-д дэлхийн дээд амжилт тогтоохдоо зүүж байсан нүдний шил нь байгаа юм. 59 эд зүйлсийг зарж олсон орлогыг Бергамо хотын эмнэлэгт хандивлах юм байна.

Виктория Азаренко-Гарын үсэгтэй пүүз

Виктория Азаренко гарын үсэгтэй пүүзээ дуудлага худалдаанд тавьжээ. Эхний дуудах үнэ нь 800 ам.доллар. Орлого нь коронавирустэй тэмцэх Майамигийн санд орох юм байна.

Рафаэль Надаль-Францын нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ өмсөж байсан цамц

Испанийн теннисчин Рафаэль Надаль 2019 оны Францын нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ өмсч байсан цамцаа 22.4 мянган ам.доллараар зарж, мөнгийг нь цар тахлын улмаас хүнд байдалд орсон ядуу өрхүүдэд тусламж болгож өгчээ.

Альберто Контадор-Жирод унаж түрүүлсэн дугуй

Альберто Контадор-2011 онд Жиро Д Итали уралдаанд түрүүлэхдээ унаж байсан дугуйгаа дуудлага худалдаанд тавьсан байна. Тэрээр түрүүгээ допингийн улмаас хүчингүй болгуулсан юм.

Испанийн сагсан бөмбөгчид-ДАШТ, ЕАШТ-ий алтан медаль

Испанийн сагсанбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Хавьер Бейран, эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгаалагч Марта Саргай нар 2019 оны ДАШТ, ЕАШТ-ий алтан медалиудаа буяны үйлсэд хандивлахаар дуудлага худалдаанд оруулжээ.