АНУ-ын Мичиган мужийн Их сургуулийн антропологчид майя соёл иргэншил устсаны нэг шалтгаан нь омог хоорондын цээргийн сөргөлдөөн байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тэд эртний Пакбитун хотын малтлагын үеэр дайчны булшнаас олдсон байлдааны олз болох гавлын яс болон бусад эд өлгийн зүйл судласны дүнд ийм дүгнэлт гаргасан тухай Рhys.org мэдээллээ.
Эрдэмтдийн өгүүлснээр, булшнаас олдсон гавлын яснуудыг дайчид хүзүүндээ зүүдэг байсан бөгөөд энэ нь дайснаа ялсан дайчдын гавьяаг илтгэдэг байсан гэнэ. Эртний майягийн Яшчилан хотод бүсэндээ гавлын яс зүүсэн нутгийн удирдагчийг дүрсэлсэн хана байдаг бөгөөд түүнчлэн VIII-IX зууны үеийн керамик сав суулганууд дээр ч байлдааны ийм чимэглэл дүрслэгдсэн байдаг юм.
Гавлын яс зүүх уламжлал болон бусад археологийн олдворууд нь цэргийн мөргөлдөөн болон хүчирхийллийг илэрхийлж байна гэж судлаачид үзэж байгаа аж. Хойд болон өмнөд нутгийнхны хооронд дайн гарснаар өмнөдийн хотууд уналтанд орж, манай эрний нэгдүгээр мянганы төгсгөлөөр Пакбитун уналтанд орох бол Юкатан хойг дээрх майягийн улс төрийн төвүүд зонхилох болсон гэнэ.
Улмаар энэ бүс нутаг дахь урлагийн эд зүйлс нь илүүтэй “хэрцгий” шинж чанартай болсон бөгөөд хөнөөгдсөн дайснууд, хүний цогцосны үлдэгдлийг урлагийн бүтээлд дүрслэх нь элбэг болжээ.
Энд дуулгахад бичиг үсэг, урлаг, архитектур, математик болон одон орны системээрээ алдартай майягийн соёл иргэншил МЭӨ 2000-МЭ-250 он хүртэл оршин тогтносон бөгөөд соёл иргэншлээрээ хосгүй байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Энэ соёл иргэншлийнхэн газар тариаланг үр ашигтай эрхлэх системийг бий болгосны дээр одон орны салбарт гүн гүнзгий мэдлэгтэй байсан гэдэг. Хоёр мянган жил орчим оршин тогтносон энэхүү соёл иргэншил устсан шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй. IX зуунд майячууд Гватемала, Белиз, Гондурасаас эхлэн өөрсдийн байгуулсан чулуун хотуудыг орхиж эхлэсэн бөгөөд энэ нь нөөц шавхагдсан, цаг уурын өөрчлөлтөөс болсон эсвэл өөр соёл иргэншилтэй дайтан ялагдсантай холбоотой гэсэн төрөл бүрийн таамаглал байдаг юм.