Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүдэд 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих зорилготой “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, арьс ширний түүхий эд бэлтгэлийг санхүүжүүлэх 85 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат арилжааны таван банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Хөнгөлөлттэй зээлийг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк болон Төрийн банк олгох бөгөөд ноос, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангахад чиглэнэ. Салбарын яамны мэдээлснээр энэхүү санхүүжилт нь боловсруулах үйлдвэрүүдэд малчдаас түүхий эдээ тасралтгүй худалдан авах боломж бүрдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн зээлийн хүүгийн дарамт буурснаар бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлд өрсөлдөх чадвар сайжрах нөхцөл бүрдэхээр байна. Нөгөө талаас, ноос, арьс ширний эрэлт нэмэгдсэнээр малчдын борлуулалтын орлого өсөх, түүхий эд үнэгүйдэх эрсдэл буурах эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна.