"Драмын театр"-ын өмнө байршуулсан самбар "гоо зүйг гутааж" байна хэмээн үзэж, нураахыг шаардсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл уг самбарыг байршуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ын зөвшөөрлийг олгосон байжээ. Харин Засаг даргын Тамгын газрын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар тушаалаар хүчингүй болгох арга хэмжээ авсан байна.
Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, анхааруулаад байжээ.
Түүнчлэн дээрх асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд шүүмжлэлтэй хандаж, нураахыг шаардаж байсан төдийгүй Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасанчлан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан Авлигатай тэмцэх газрын саналын дагуу гаргасан гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг байна.



