Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр салбарын хэмжээнд 30 гаруй мянган алба хаагчийн үйл ажиллагааны стандартыг шинэчилж, хууль сахиулах тогтолцоог бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байгааг онцлов. Мөн улсын бүртгэлийн 13 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, яаралтай тусламжийн 112 нэгдсэн дуудлагын төвийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Цагдаагийн байгууллагын үүрэг, философи өнөө цагийн шаардлагад нийцэн өөрчлөгдөж байна. Цахим гэмт хэрэг, хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн сорилтуудтай өдөр бүр нүүр тулж байгаа учраас шинэ мэдлэг, технологи, инновацид суурилсан арга барил шаардлагатай болсон” хэмээн онцоллоо.
Түүнчлэн иргэн төвтэй эрх зүйн реформыг эхлүүлж буйгаа дурдаад, хууль сахиулах байгууллагын нэгдсэн стандартыг бий болгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Сайдын мэдээлснээр хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэлийн үйл явцыг нэгдсэн цахим системд холбохоор төлөвлөжээ. Ингэснээр иргэдэд нээлттэй, ойлгомжтой мэдээллийн орчин бүрдэж, алба хаагчдын ажлын давхардал буурах аж.
Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд 150 гаруй цагдаагийн алба хаагч, мөрдөгч, хэсгийн байцаагчидтай уулзахад тэдний тал хувь нь албанаасаа гарах талаар бодож байгаагаа илэрхийлсэн нь байгууллагын нэр хүнд, ажиллах орчны асуудал байгааг харуулж байна гэж үзжээ. Тэрбээр “Туршлагатай мөрдөгч, цагдаа нар ажлын ачааллаа дийлэхгүй болж байгаа нь тогтолцооны асуудал. Цаашид нэг зорилго, нэг мэдээлэл, нэг ажиллагааны логикоор ажиллаж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг эхнээс нь эцэс хүртэл цахимаар хянадаг нэгдсэн системийг энэ оны эцэс гэхэд нэвтрүүлнэ” гэв. Шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, нийгмийн баталгааг сайжруулж, иргэдийн хуульд итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарахыг тэрээр үүрэг болголоо.