Киргизэд эсгий гэрээс санаа авсан хөлбөмбөгийн цэнгэлдэх ирэх наймдугаар сард ашиглалтад орно

Киргизэд эсгий гэрээс санаа авсан хөлбөмбөгийн цэнгэлдэх ирэх наймдугаар сард ашиглалтад орно

Киргизийн нийслэл Бишкек хотод баригдаж байгаа "Аззатык Арена" цэнгэлдэх хүрээлэн ирэх наймдугаар сард ашиглалтад орохоор болсныг албаныхан зарлав.

2024 оны гуравдугаар сараас хойш баригдаж байгаа тус цэнгэлдэх нь нийт 51,000 хүний суудалтай бөгөөд одоогоор Төв Азийн хамгийн том цэнгэлдэх болох юм. Киргизийн хөлбөмбөгийн шигшээ баг нутагтаа хийх тоглолтоо зохион байгуулах тус цэнгэлдэхийг барихад Засгийн газраас 60 сая ам.доллар зарцуулжээ.

Сонирхуулахад 2009 онд ашиглалтад орсон Казахстаны "Астана" цэнгэлдэх хүрээлэнд нэг дор 30,244 хүн хүлээн авах чадалтай. Үүгээрээ Төв Азидаа хамгийн том цэнгэлдэх гэж тооцогддог.

Цэнгэлдэхийг анх 45,000 хүний суудалтай барихаар төлөвлөсөн ч 2025 оны хоёрдугаар сард 51,000 болгохоор төлөвлөснөө танилцуулсан билээ.

Барилгын архитектурын хийц нь нүүдэлчдийн гол сууц болох эсгий гэрээс санаа авсан бөгөөд дээвэр нь Киргизийн төрийн далбаанд дүрслэгдсэн титэм шиг дүрстэй аж.