Филиппинд өнөөдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Филиппинд өнөөдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын ойролцоо өнөөдөр /2026.06.08/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, эрх баригчид цунамигийн сэрэмжлүүлэг гарган эргийн бүсийн оршин суугчдыг өндөрлөг газар руу нүүхийг уриалжээ.

Одоогоор хүний амь эрсэдсэн болон томоохон хэмжээний сүйрэл гарсан тухай мэдээлэл ирээгүй байгаа ч газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл Филиппин төдийгүй хөрш Индонезийн зарим бүс нутагт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн дараа Филиппин, Индонез болон АНУ-ын цунамигийн сэрэмжлүүлэх төвүүд анхааруулга гаргаж, далайн эрэг орчмын бүс нутгуудад сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойролцоогоор 15 км-ийн зайд орших Женерал Сантос хотод хүчтэй чичирхийллийн улмаас тавилга унаж, зурагт болон цахилгаан хэрэгслүүд эвдэрсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн дахин чичирхийлэл үргэлжилж байгаа тул олон иргэн гэрээсээ гарч аюулгүй бүсэд байрласан байна.

Женерал Сантос хотын гамшгийн удирдлагын албаныхан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд зарим иргэн хөнгөн гэмтэл авсан тухай урьдчилсан мэдээлэл ирснийг мэдэгджээ.

Сарангани мужид газар хөдлөлтийн улмаас цахилгаан болон холбооны сүлжээ тасалдаж, зарим сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мужийн гамшгийн удирдлагын газрын дарга Рене Пунзаланы хэлснээр, барилга байгууламж нурсан тухай мэдээлэл хараахан ирээгүй байгаа ч үнэлгээний ажил үргэлжилж байгаа аж. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор холбогдох байгууллагуудыг гамшгийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн бөгөөд “Үндэсний засгийн газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бид Минданаог орхихгүй” хэмээн мэдэгджээ.

Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн цунамигийн давалгаа нэг метрээс дээш өндөрт хүрч болзошгүй бөгөөд хэдэн цагийн турш үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна. Харин Индонезийн Геофизикийн агентлагийн мэдээлснээр одоогоор 0.19 метр өндөр давалгаа бүртгэгджээ. Сарангани мужийн Алабел хотын цагдаагийн газрын байранд ан цав үүссэн бол төрийн далбаа мандуулах ёслолын үеэр зарим иргэн айдаст автсаны улмаас ухаан алдан унасан байна.

“Энэ бол бидний мэдэрч байсан хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа” хэмээн Алабел хотын цагдаагийн дарга Бенжие Анчета мэдэгджээ.

Германы Геошинжлэх Ухааны Судалгааны Төвийн мэдээлснээр газар хөдлөлт 10 км-ийн гүнд болсон байна. Эхний мэдээллээр 8.2 магнитуд гэж бүртгэгдсэн ч дараа нь 7.8 магнитуд болгон шинэчилжээ. Харин Филиппин болон Индонезийн агентлагууд тус тус 7.0 болон 7.7 магнитудын хүчтэй гэж үнэлсэн байна. Сарангани мужийн Маасим хотод далайн ус богино хугацаанд татарсан нь иргэдийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Тус хотын гамшгийн удирдлагын газрын дарга Арлен Холлерогийн мэдээлснээр эргийн тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд гүүрэнд ан цав үүсэж, томоохон шашны дурсгалт байгууламж нурсан байна. “Нөхцөл байдал үнэхээр ноцтой байна” хэмээн тэр Ройтерс агентлагт ярьжээ. Филиппин болон Индонез улс нь Номхон далайн “Галын цагираг” хэмээх газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд жил бүр олон зуун удаагийн газар хөдлөлт бүртгэгддэг байна. 

Эх сурвалж: Ройтерс