АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп NBC телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сонгуулийн луйврын талаар хөтлөгч Кристен Уэлкертэй ширүүн маргалдсаны эцэст ярилцлагыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зураг авалтын талбайг орхин гарчээ.
Тодруулбал, Ням гарагт цацагдсан ярилцлагын үеэр Д.Трамп Калифорни мужийн анхан шатны сонгууль болон 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг “луйвартай болсон” хэмээн дахин мэдэгдсэн байна. Хөтлөгч Кристен Уэлкер түүнээс эдгээр мэдэгдлээ батлах нотлох баримт байгаа эсэхийг асуухад Д.Трамп “Би зүгээр л харж, сонсож байгаа зүйлдээ үндэслэж байна” хэмээн хариулжээ.
Үүний хариуд К.Уэлкер “Энэ бол нотлох баримт биш” гэж хэлсэн нь хоёр талын маргааныг улам хурцатгасан байна.
Д.Трамп дараа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрийнх нь эсрэг ханддаг гэж буруутгаж, “Та нар гажуудсан мэдээлэл түгээдэг” хэмээн шүүмжилжээ. Маргаан үргэлжлэх үед тэрээр хөтлөгчид хандан “Чи гажууд эсвэл тэнэг байна” гэж хэлсэн байна. Эцэст нь Д.Трамп ярилцлагыг үргэлжлүүлэхээс татгалзаж, “Би хангалттай ихийг сонслоо. Ингээд дуусгая. Баярлалаа” хэмээн хэлээд босож явсан байна.
NBC телевизийн мэдээлснээр ярилцлага Висконсин мужид болсон бөгөөд зураг авалтын үеэр цаг агаарын таагүй нөхцөл байдал, бороо, техникийн саатал зэрэг хүндрэл гарчээ. Д.Трамп ярилцлага эхэлснээс хойш ойролцоогоор 50 минутын дараа талбайг орхин гарсан байна. Ярилцлагын эхний хэсэгт Д.Трамп Ирантай холбоотой нөхцөл байдал, АНУ-ын гадаад бодлогын талаар байр сууриа илэрхийлж, Тегераныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Харин сүүлчийн хэсэгт 2020 оны сонгууль болон 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын ордны үймээний асуудал яригдахад мэтгэлцээн хурцадсан байна. Д.Трамп Калифорнийн сонгуулийн дүн гарах хугацаа удааширч байгааг шүүмжилж, “Тэд сонгуулийг луйвардаж байна” гэж мэдэгдсэн ч К.Уэлкер үүнийг нотлох баримт шаардаж, сонгуулийн санал тоолох үйл явцын онцлогийг тайлбарласан байна.
Ярилцлага цацагдсаны дараа К.Уэлкер түүнтэй дахин ярилцлага хийхээр тохиролцсон гэдгээ мэдэгдэж, тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал ярилцлагад нөлөөлсөн болохыг онцолжээ. Д.Трамп хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрийнх нь эсрэг ханддаг гэж олон жилийн турш шүүмжилж ирсэн бөгөөд энэ удаагийн ярилцлага түүний үндэсний телевизтэй хийсэн хамгийн ширүүн маргаануудын нэг болоод байна.
Эх сурвалж: BBC