БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Хойд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа нь олон улсын анхаарлыг татаад байна. Хоёр орны удирдагчид харилцаагаа Солонгосын дайны үеэр “цусаар батлагдсан нөхөрлөл” хэмээн тодорхойлдог ч сүүлийн жилүүдэд Бээжин, Пхеньяны харилцаанд үл итгэлцэл нэмэгдэж, зай барих шинж ажиглагдах болсон байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү айлчлал нь нөхөрлөлийн бэлгэдэл гэхээсээ илүүтэйгээр Бээжин стратегийн ач холбогдолтой боловч урьдчилан таамаглахад бэрх хөршдөө үзүүлэх нөлөөгөө сэргээх оролдлого байж магадгүй гэжээ. Учир нь Хятад улс Солонгосын хойг дахь тогтвортой байдлыг хадгалах, Пхеньянд нөлөөллөө алдахгүй байхыг эрмэлздэг байна.
Гэвч үүний зэрэгцээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй шинэ хямралд татагдан орохыг хүсдэггүй ажээ.
Барууны дипломат эх сурвалжуудын мэдээлснээр Бээжин өнөөдөр Пхеньян, Москвагийн харилцаа эрчимтэй гүнзгийрч буйд санаа зовж байгаа аж. ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Хойд Солонгос Оростой цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өнгөрсөн онд хоёр улсын харилцан хамгаалалтын гэрээ байгуулсан нь Хятадын анхаарлыг татжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Оросыг Хойд Солонгост давамгай нөлөө тогтоохыг хүсэхгүй байна. Учир нь Пхеньян Москвад хэт ойртох тусам Бээжингийн уламжлалт нөлөө сулрах эрсдэлтэй аж. Үүнтэй холбоотойгоор Бээжин өнгөрсөн оны сүүлээр Ким Жон Уныг Бээжинд болсон цэргийн парадад урьж, Ши Жиньпин болон В.Путин нарын хамт оролцуулсан нь анхаарал татсан үйл явдал болсон. Энэ нь хоёр удирдагчийн зургаан жилийн дараах анхны албан ёсны уулзалт байжээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр орныг “нэгдсэн хувь тавилангаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн нөхөд” хэмээн тодорхойлж, стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалсан байдаг. Гэвч анхаарал татсан нэг зүйл нь олон нийтийн мэдэгдэлд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар огт дурдаагүй явдал байв.
Харвардын их сургуулийн Азийн төвийн судлаач Ли Сон Хёны үзэж буйгаар Бээжин Пхеньян, Москвагийн ойртож буй харилцаанд хоёрдмол байр суурьтай байна. Нэг талаас энэ нь АНУ-ын анхаарлыг сарниулж, Вашингтоны стратегийг хүндрүүлдэг.
Нөгөө талаас Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагаа өргөжих нь АНУ, Япон, Өмнөд Солонгосын аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх эрсдэлтэй гэж тэр үзжээ.
Гэсэн хэдий ч Хятад улс Хойд Солонгосыг бүрэн түлхэхийг хүсэхгүй байгаа аж. Учир нь Пхеньян Бээжингийн эдийн засгийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа. Өнгөрсөн онд Хятадын Хойд Солонгост хийсэн экспорт 2.3 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Мөн хоёр улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ зургаан жилийн завсарлагааны дараа энэ онд дахин сэргэжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ бүхэн Бээжин Пхеньяныг өөрийн нөлөөний хүрээнд хадгалж үлдэхийг зорьж байгааг харуулж байна. Харин Ким Жон Уны хувьд Хятадтай харилцаагаа хадгалах нь стратегийн хувьд зайлшгүй сонголт хэвээр байгаа юм. Ийнхүү Ши Жиньпиний Хойд Солонгост хийх айлчлал нь уламжлалт найрамдлыг бэхжүүлэхээс гадна Бээжин бүс нутаг дахь геополитикийн нөлөөгөө хамгаалах томоохон дипломат алхам гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC