Нигер улсын хойд хэсэг дэх Сахарын цөлд ачааны машин эвдэрсний улмаас зорчигчид хэд хоног гацаж, улмаар 49 хүн цангаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр амиа алдсан хүмүүс бүгд Нигерийн иргэд байсан бөгөөд хөрш Мали улсад болсон шашны арга хэмжээнээс буцаж явах замдаа осолд орсон байна. Тэдний зорчиж явсан ачааны машин Ассамака суурингаас баруун тийш 80 гаруй километрийн зайд, Мали болон Алжирын хил орчмын бүсэд эвдэрчээ.
Ослоос хоёр хүн амьд үлдсэн бөгөөд тэд 50 гаруй километр замыг туулан усны эх үүсвэрт хүрсний дараа Ассамака сууринд очиж эрх баригчдад мэдээлсэн байна.
Агадез мужийн захиргаанаас ослын газарт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахдаа “Ачааны машины доор болон эргэн тойронд олон арван хүний цогцос байсан. Усгүй болж, тээврийн хэрэгслээ засах оролдлого бүтэлгүйтсэнээр зорчигчид хэт халуун, амьдрахад бэрх нөхцөлд гацсан” гэж мэдэгджээ. Албаныхны мэдээлснээр уг ачааны машин Мали улсын Талхандек хотоос хөдөлсөн бөгөөд Нигерийн хилээс 300 орчим километрийн зайг туулсан байжээ. Харин машин юунаас болж эвдэрсэн болон зорчигчид хэдий хугацаанд цөлд гацсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эрх баригчдын нийтэлсэн гэрэл зургуудад ослын газрын ойролцоо хувцас, хувийн эд зүйлс тархан үлдсэн байсан бөгөөд амиа алдсан 49 хүнийг газар дээр нь бөөнөөр оршуулжээ.
Сахарын цөл нь дэлхийн хамгийн халуун, хуурай бүс нутгуудын нэг бөгөөд ус, хүнсний нөөцгүйгээр удаан хугацаанд байх нь хүний амь насанд ноцтой аюул учруулдаг юм.